Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Япон-Монголын хамтарсан эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 65-аас дээш насны 2500 ахмадыг урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр хоног үнэ төлбөргүй хамруулжээ. Ингэхэд үзлэгийн үеэр 60 ахмадаас хорт хавдар илэрсэн байна. Гэхдээ аз болоход ихэнх нь нэгдүгээр шатандаа байж. Ахмадуудад халуун сэтгэлийн гараа сунгасан эмч нар 60 хүнд дүүрэн амьдрал бэлэглэхээр боллоо. Хорт хавдартай хэмээн оношлогдсон ахмадууд жаахан л хугацаа алдаж, хавдар сүүлийн шатандаа шилжсэн бол үхэл л тэднийг отож байлаа. Хүн хүндээ бүтэн амьдрал хайрласан энэ үйл явдлыг хамгийн сайн “Сайн үйлс” гэж тодотгохоос өөр яахав.
Монгол Улсын аль ч шатлалын, хувийн ба улсын эмнэлгийн ямар ч эмч “Урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж, хорт хавдраа эрт үед нь илрүүлж чадвал зуун хувь бүрэн эмчлэгдэнэ” гэж хэлдэг. Гэтэл тоож байгаа хүн энэ улсад даанч алга. Нийтээрээ хорт хавдраас айгаад жигшээд байхаас биш өвдөхөөсөө өмнө эмнэлэг зүглэх нь байхгүй. Заавал л эд эрхтэн, бие сэтгэл, хөрөнгө санхүүгээрээ хохирч, дотны нэгнээсээ үүрд хагацаж байж л нэгийг ойлгох шиг.
Монгол Улсын иргэн л бол та цоо эрүүл байх магадлал тун бага. Манай улс элэгний хорт хавдрын түвшингээр дэлхийд тасархай тэргүүлж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Дээрээс нь хүн амын дундах архи, тамхины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж, эрүүл мэндийн боловсролоороо хойноосоо жагсана. Мөн хүн амынх нь талаас илүү амьдарч байгаа Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, нийгмийн стресс нь хэр зэрэг түвшинд байгаа билээ. Ингээд бодохоор та бидэнд эрүүл байх магадлал хэдэн хувь байна вэ. Гэтэл ихэнх нь “Миний юу ч өвдөхгүй байна, цоо эрүүл” гэж зөрүүдэлдэг. Саяхан Хавдар судлалын үндэсний төвийн эмчтэй хорт хавдрын талаар ярилцлага хийсэн юм. Гэтэл тэр “Хорт хавдрын шинж тэмдэг илрэхийг хүлээвэл хэзээ ч бид амжилт олохгүй. Шинж тэмдэг илрэхэд хавдар хэдийнэ гурав, дөрөвдүгээр үе рүүгээ шилжиж, эмчилгээгүй болсон байдаг” хэмээсэн. Шинж тэмдэг хүлээсээр суувал хатавчинд байсан хавдар хойморт гарахын үлгэрийг үүнээс илүү энгийнээр яаж тайлбарлах билээ.
Бидэнд уг нь бас ч гэж боломж бий. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2018 оноос эхлэн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг 100 хувь бүрэн хариуцдаг болсон. Ингэснээр ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэг, лабораториудын аль дуртайдаа хандан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц шинжилгээг үнэ төлбөргүй өгөх боломжтой. Ийм боломж байсаар байтал харамсалтай нь 18-аас дээш насны иргэдийн 7.9 хувь нь уг шинжилгээнд хамрагдсан гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ оны наймдугаар сард хэлж байлаа. Ийм байхад нийгмийн сүлжээ эмгэнэл, хандивын аянаар дүүрэхгүй гээд ч яах билээ.
Тэгвэл одооноос нийтээрээ жаахан өөрчлөгдөж, сайн үйлсийн аяныг арай өөр “хувилбар”-т шилжүүлье. Оройтсон хойно нь эмчилгээнд нь мөнгө хандивладаг, эмгэнэлийг нь харж, хойтын буянд нь зориулан мөнгө шилжүүлдэг сайн үйлсийн аянаа одоо зогсооё. Харин оронд нь аав, ээж, эхнэр, нөхөртөө эмнэлэг явах цаг, боломжийг гаргаж хамгийн сайн “Сайн үйлс”-ийг хийе. Дургүй нэгнийг хүчлээд дагуулаад эмнэлэг явъя. Амьдралын боломжгүй нэгэнд нийтээрээ туслахдаа хувцас, хүнс биш эрүүл мэндийн үзлэг “өгдөг” байя. Нутагтаа суварга барьж буян хийлгүй эмч нар дагуулж очоод нутгийнхнаа үзүүлчихдэг байя. Төр улсын бүхий л байгууллагууд ажилтнуудаа жилдээ нэг удаа үзлэгт хамруулдаг болъё. Сайн үйлсийн аяныхаа хэлбэрийг жаахан өөрчлөөд “Хамгийн сайн “Сайн үйлс” болгочихвол Монголын минь мянга мянган айл дүүрэн жаргалтай бүтэн амьдрах боломж байна. Элэг бүтэн байхаас өөр тансаглал энэ хорвоод байдаггүй билээ.