
“Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 оны хооронд Ноён уулын дурсгалт газарт хийсэн малтлага судалгааны үр дүн юм. Тодруулбал, Ноён уулын дурсгалт газрын Хүннүгийн язгууртны дөрвөн булш, дагуул дөрвөн булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага, судалгаа хийж 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлж, олдворуудыг бүрэн эхээр нь анх удаа олон нийтэд үзэсгэлэн болгож хүргэж байгаа юм. Энэ судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдворууд илэрсэн нь Хүннү судлалд шинэ эх хэрэглэгдэхүүн бий болгосон “шинэ нээлт” болсон юм.
Г.Эрэгзэн: Дурсгалаас илэрсэн хамгийн чухал олдвор бол нэхмэл эдлэлүүд юм
Нээлтийн үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн “Ноён уулын дурсгал бол Монголын археологийн нэрийн хуудас болсон хамгийн том дурсгал. Ноён уул бол Хүннүчүүд бодитоор оршин байсныг тогтоож өгснөөрөө алдартай. 2006-2015 оны хооронд ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны үр дүн бол Ноён уулыг шинээр нээсэнтэй адил чухал үр дүнд хүрсэн. Нийт 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлснээс үнэхээр гайхамшигтай олдворууд байна. Үүнээс дурдвал, Дундад Азиас гаралтай нэхмэл эдлэлүүд, хивс, эсгий ширдэг, домгийн амьтдын дүрстэй мөнгөн эдлэл, алт мөнгөн чимэглэлүүд байна. Дурсгалаас илэрсэн хамгийн чухал зүйл бол олдвор эд өлгийн зүйлсийн 60-аас илүү хувийг эзэлж байгаа нэхмэл эдлэлүүд байгаа юм. Органик нэхмэл эдлэлүүд Хүннүгийн дурсгалаас бараг илэрдэггүй, Ноён уулын дурсгалаас илэрдгээрээ онцлог. ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны үр дүнд нэхмэл эдлэлүүдийг олноор нь илрүүлж олсноороо онцлог байгаа юм. Тийм учраас төслийн нэрийг “Шинэ нээлт” гэж нэрлэсэн. Энэхүү үзэсгэлэнд олон нийтэд танилцуулж байгаагүй, 400 гаруй олдвор эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байгаа юм” гэсэн юм. Онцлох олдвор гэж нэрлэгдээд буй нэхмэл эдлэлүүдийг ОХУ, Герман, Монгол Улсад засварлан сэргээж олон нийтийн хүртээл болгож байгаа юм байна.


Хосгүй үнэт хоёр олдвор
Энэ удаагийн үзэсгэлэнд хосгүй үнэт хоёр олдвор дэлгэж буй бөгөөд нэг нь Грек, Ромын хийц маягаар урласан хөөмөл мөнгөн чимэглэл юм. Уг олдвор нь 2006 оны малтлагаар Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн бөгөөд 2010 онд Монгол Улсын Засгийн тогтоолоор Хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад бүртгэсэн байна. Нөгөө нэг олдвор нь харь гаралтай, Дундад азиас ирсэн тансаг зэрэглэлийн хатгамал хивс юм. Энэхүү хивсэнд исэр дээр сууж байгаа нэг язгууртан, түүнд хандаж буй есөн хүнийг дүрсэлсэн байгаа юм. Уг хивсийг ОХУ-д хоёр жилийн хугацаанд сэргээн засварлаж, олны хүртээл болгож буй гэдгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очир хэллээ. Түүний хувьд ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарсан хээрийн шинжилгээний ангийг Монголын талаас 2006-2015 оны хооронд удирдаж ажилласан байна.


Үзэсгэлэн гурван сарын турш үргэлжилнэ
Үзэсгэлэнд Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байгаа юм. Тодруулбал, эсгий ширмэл ширдэг, сүйх тэрэгний чимэглэл, адууны уналганы тоног хэрэгсэл, шавар ваар, сав, авсны алтан чимэглэл, торгон ууттай зэрэг үс зэрэг олдворуудыг дэлгэн харуулжээ. ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэн гурван сарын турш үзэгчдийн хүртээл болох юм. Дашрамд дурдахад, Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, оршуулга бүхий Ноён уулын дурсгал нь Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Түвдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг XX зууны их нээлтийн нэг хэмээн үздэг.

“Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн
























