Засгийн газраас Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж эхэллээ. Өнгөрсөн бямба гаригт Ё.Баатарбилэг тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд зүүн бүсийн багш нарын саналыг сонсох хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа. Багш нар цалингаа нэмүүлэх, нэг хүүхдээ их сургуульд үнэ төлбөргүй сургах, тэтгэвэрт гарах насаа багасгах, өндөр тэтгэвэр тогтоолгох зэрэг санал гаргажээ.
“Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн багш Энхтуяа: -Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэт их байгаагаас сургалтын чанарт муугаар нөлөөлдөг. Хүүхдийн тоонд тохируулж туслах багш ажиллуулах эсхүл тухайн багшид урамшуулал олгох асуудлыг хуулийн төсөлд тусгах саналтай байна. Тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг энд дурдах ёстой. Багш нарын тэтгэврийг сүүлийн таван жилийн цалингийн дунджаар тооцож, 70-75 хувиар бодох цаг болсон. Одоо 45 хувиар бодож байгаа. Тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгох саналтай байна. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа үйлчилгээний болон аж ахуйн албан хаагчдын нийгмийн асуудал орхигдсоор ирснийг засах хэрэгтэй.
Дорнод аймгийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш Алтанцэцэг: -Боловсролын салбарын удирдах албан тушаалтны томилгоог босоо тогтолцоотой байлгах нь зүйтэй. Сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөг тогтвортой байлгахгүй бол багш нарт төдийгүй сурагчдын эрх ашгийг хохироож байгаа тал бий. Сурах бичгийн агуулгад анхаарч, сурах бичгийн чанарыг сайжруулахгүй бол хэдхэн жил ашиглаад хаягдаж байна. Түүнчлэн багшийн мэргэжлийг сурталчилж, ажиллах хүний нөөцийг бэлтгэх бодлого хэрэгтэй. Салбарын хөнгөлөлтийн системийг нэвтрүүлж, багшийн нэг хүүхдийг улсын сургуульд үнэ төлбөргүй суралцуулах асуудлыг хуулийн төсөлд тусгах тал дээр анхаарахыг хүсэж байна.
Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш Ариунаа: -Багш бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч багшийн нийгмийн үнэлэмж хэт доогуур байгаагаас багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Багш нарын ачаалал харилцан адилгүй байгаа учраас хуулийн төсөлд долоо хоногт заах хичээлийн цагийг ялгамжтай тусгах талаар зохицуулалт оруулах хэрэгтэй.
Сүхбаатар аймгийн цэцэрлэгийн багш Эрдэнэцэцэг: -Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын ачаалал их, цалин маш бага байна. Үйлчилгээний ажилтнуудын цалин, урамшуулал үргэлж хасагддаг. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг ажиллуулах хэрэгтэй. Мөн ээлжийн бүлгийн багш нарын асуудал тулгамддаг. Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчид даах хуулийн зохицуулалттай ч яг хэдэн хувийг хариуцах нь тодорхойгүй байна. Үүнийг боловсролын багц хуульд тодорхой хувьчилж оруулах саналтай байна.
Хэнтий аймгийн политехникийн коллежийн багш Дугарсүрэн: -Боловсролын ерөнхий хуулийн төсөлд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон политехникийн коллежийн асуудлыг маш бага тусгасан байна. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулах багш нар хомстолтой байдаг. Гэтэл хуулийн төсөлд заавал магистраас дээш зэрэгтэй багш байх ёстой гэж заасан байгаа ч ажлын дадлага туршлагатай инженер, техникийн багш нарыг ажиллуулахад саад учруулж байна. Хуулийн төсөлд энэ асуудлыг уян хатан болгож, тухайн салбартаа ажилласан туршлагаар нь тооцож ажиллуулах талаар зохицуулалт оруулмаар байна.