Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ойн өдөр Төв аймгийн нийтийн номын сангийн засвар, шинэчлэлтийн нээлт боллоо. Шинэхэн өнгө төрхтэй болсон номын санд орон нутгийн уншигчид стандартын шаардлага хангасан шинэхэн номын санд цахим уншлагын танхим, уншигчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн болон насанд хүрэгчдийн уншлагын танхимаар үйлчлүүлэх өргөн боломж бүрджээ. Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор аймгийн ИТХ-ын 2016 оны наймдугаар сарын 4-ний 13-р тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Д.Нацагдоржийн нэрэмжит болгож, 2020-2021 онд орон нутгийн төсөв, БНСУ-ын Пёнтэк хотын 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү номын санд засвар шинэчлэлийг хийж “Хүний хөгжил-мэдээллийн цахим төв” байгуулах хүрээнд 20 сая төгрөгийн цахим ном, тоног төхөөрөмж авч суурилуулсан байна. Мөн “Д.Нацагдоржийн танхим” шинэчлэн тохижуулж, Төв аймгаас төрөн гарсан зохиолчид, сэтгүүлчид, эрдэмтдийн оюуны бүтээлийн сан хөмрөг байгуулах зорилт тавин, номын сангийн тавилга хэрэгслийг орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилснээ өчигдөр хүлээн авлаа.