Eagle news телевизийн "Зочны цаг"-т Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван оролцлоо. Түүнтэй цахим орчинд өрнөж буй залилангийн гэмт хэрэг болон бага насны хүүхдийн цахим гэмт хэрэгт өртөх шалтгааны талаар ярилцлаа.

Ямар төрлийн гэмт хэргийг цахим буюу кибер гэмт хэрэг гэж үзэж байна вэ? Энэ талаар тодорхой тайлбарлавал.

-Олон улсын хууль сахиулах байгууллын хүрээнд цахим мэдээллийн сүлжээнд халдлага үйлдэх, нэвтрэх мөн бага насны хүүхдэд садар самуунтай холбоотой зураг, бичлэгийг түгээх зэрэг гэмт хэргийг цахим гэмт хэрэг гэж тодорхойлж байна.

Манай улсын хувьд цахим гэмт хэрэг дотроо ямар төрлийн гэмт хэрэг ихэвчлэн бүртгэгдэж байна вэ? Энэ талаар судалгаа бий юу?

-Жил ирэх тусам цахим гэмт хэрэг нэмэгдэж байна. Сүүлийн таван жилийн  судалгаагаар цахим гэмт хэрэг 50-аас дээш хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Манай улсын хувьд нийт цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн 80 орчим хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 1850 залилах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин үлдсэн хувь нь цахим мэдээллийн хэрэгсэлд хууль бусаар халдах, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын зүгээс  иргэдэд залилах гэмт хэрэгтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг байнга өгч ажиллаж байгаа.

Иргэдийн цахим залиланд өртөх үндсэн шалтгаан нь юу вэ?

-Олон нийтийн сүлжээ тэр дундаа фэйсбүүкээр энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг. Мөн банкны нууц код, хувийн мэйл зэргээ бусдад алдах тохиолдлоос үүдэн кибер гэмт хэрэгт өртөх эрсдэл бий болдог. Ер нь мэдээллийн аюулгүй байдал нь хувь хүнээс шууд хамааралтай. Сүүлийн үед цахим гэмт хэргийг дөрвөөс таван төрлөөр үйлдэж байгаа нь ажиглагдах болсон. Хамгийн эхэнд гэмт этгээд олон нийтийн сүлжээнээс хувийн мэдээллийг нь цуглуулан нууц мэдээлэл олж авдаг байна. Тухайлбал, утасны дугаар, он сар өдөр зэргийг ашиглан банкны нууц үгийг нь таах аргаар тухайн хүний мэдээлэлд нэвтэрч хууль бусаар банкны шилжүүлэг хийдэг тохиолдол байна. Мөн сэжигтэй линк илгээж нууц үгийг нь олж авч цахим мэдээлэлд нь нэвтрэх зэрэг олон арга зам бий болоод буй. Тиймээс ард иргэд хэн нэгэнд хувийн мэдээллээ өгөхгүй байх, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ банкны нууц үгээ хэлэхгүй байх үндсэн мэдээлэлтэй байх шаардлагатай.

Олон нийтийн сүлжээгээр хүмүүст хямдрал зарлалаа, утас, сугалаа хожлоо гэх мэт сэжигтэй линк ирэх болсон. Эдгээр хуурамч линк рүү нэвтэрснээр хувийн мэдээллээ алдах эрсдэл бий болж байна гэсэн үг үү?

-Сэжигтэй линкийг олон төрлөөр зохиож үүгээрээ иргэдийг төөрөгдүүлэх хандлага маш их болсон. Тийм учир иргэд цахим орчинд маш болгоомжтой хандаж ямар нэгэн сэжиг бүхий линк мэдээлэлд нэвтрэхгүй байх хэрэгтэй.

Сүүлийн үед цахим шуудангаар хүртэл залилах тохиолдол гарсан. Энэ төрлийн гэмт хэрэгт ямар төрлийн хүмүүс өртөж байна вэ?

-Ийм төрлийн гэмт хэрэгт гадаад худалдаа эрхэлдэг компаниуд хохирогч болох магадлалтай байдаг. Тухайлбал, бараа худалдаа олгогч байгууллагаас ямар нэгэн шуудан ирээд тухайн шуудангаараа санхүүжилт авах дансны дугаараа авч байгаа юм. Гэтэл тухайн харьцаж буй шуудангийн дундаас нь хакердаж мэйлийнх нь нэг орон,үсэг, цифрийг нь өөрчилж өнгөц харахад ижилхэн майл хаяг бий болгон хууль бус дансаа явуулан цахим залилан хийдэг тохиолдол нэмэгдэх болсон. Тиймээс гадаад, дотоод худалдаа эрхэлдэг байгууллагууд харьцаж буй харилцагчийнхаа дансны дугаарыг лавлаж байж мөнгө шилжүүлбэл гэмт хэргийн хохирогч  болохоос сэргийлэх боломжтой.

Цахим гэмт хэрэг дотор бага насны хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж байна. Үүний шалтгаан юу байна вэ?

-Нэмэгдэж буй шалтгаан нь бага насны хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ өндөр байдагтай холбоотой. Тухайлбал, танихгүй хүнд хувийн зураг, мэдээллээ өгөх , амьдралаа ярих зэргээр хувийн мэдээллээ алддаг. Тухайн мэдээллээр нь гэмт хэрэгтэн хүүхдийг сүрдүүлэх ,сэтгэл зүйн дарамт үзүүлэх зэрэг гарцаагүй байдалд оруулдаг. Гэмт этгээд тухайн хүүхдийн хувийн мэдээллийн ашиглан даалгавар өгч түүнийг нь биелүүлэхгүй бол зураг, мэдээллийг нь цахим орчинд тараана гэж сүрдүүлдэг аж. Энэ төрлийн гэмт хэрэг нь нуугдмал байдаг. Учир нь бага насны хүүхдүүд хохирогч болсноо эцэг эх асран хамгаалагчдаа хэлдэггүй. Тийм учир хэн ,хэрхэн энэ гэмт хэргийг үйлдээд байгааг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас тухайн гэмт хэргийг илрүүлэхийн тулд олон төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хэрвээ хохирогч болсон бол цахим кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ирээд уулзаж болно. Хэргийг нууцлан зөвлөгөө өгч арга хэмжээ авах боломжтой.

Цахим орчинд хүүхэд хохирсон, өртсөн тохиолдлоос хамгийн ноцтой нь ямар төрлийн гэмт хэрэг эзэлдэг вэ?

-Өнгөрсөн сард манай байгууллагаас бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийг илрүүлсэн. Тус хэрэг нь бага насны хүүхдүүд хоорондоо элсдэг групп дотор гэмт этгээд хуурамчаар хүүхдийн зураг тавин бага насны хүүхэдтэй харьцаж итгэлийг нь олж авах зарчмаар харилцаа үүсгэдэг байсан. Цаашлаад зураг, бичлэгээ солилцож дотно харилцаанд ордог. Сүлжээгээр харилцаж байгаа этгээд насанд хүрсэн хүн байдаг гэдгийг хүүхдүүд хараахан мэддэггүй. Улмаар хүүхдийг сэтгэл зүйгээр дарамтлах, мөнгө нэхэх, цаашлаад хүчирхийлэх зэрэг гэмт хэргүүд үйлдэгддэг. Тиймээс цахим орчинд эцэг эхчүүд хүүхдэдээ маш боловсон байдлаар хяналт тавьж ярилцаж байх хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас энэ олон төрлийн кибер гэмт хэрэгт хэрхэн тэмцэж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар гэмт хэргийн тоо буурсан тохиолдол бий юу?

-Бидний хувьд кибер гэмт хэрэгтэй тэмцэх цахим хуудас ажиллуулж байна. Мөн үе шат дараатай ажил хийдэг. Олон байгууллага хэвлэл мэдээлэлтэй хамтарч мэдээ мэдээлэл түгээн ажиллаж байна. Түүнчлэн, кибер гэмт хэрэгт өртөж буй хүмүүсийг ангилж үзэхэд хүний үйл ажиллагаатай холбоотой мөн техник мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой үйлдэгддэг гэж үзсэн.

Тиймээс хувь хүн тал дээр мэдээ мэдээлэл өгөх арга замаар харин банк санхүү, аж ахуйн нэгжид мэдээллийнхээ аюулгүй байдлыг сайжруулах үүрэг даалгавар өгдөг. Мөн цахим банк хэрэглэгчийн зүгээс тухайн байгуулагадаа мэдээлэл нь хэр найдвартай, хамгаалалттай байгаа талаар асууж мэдэж байх шаардлагатай.