Үе үеийн Улсын Их Хурал өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ хэр ханган биелүүлсэнд хэн дүн тавьдаг вэ? Өнөөгийн парламент эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлж чадаж байгаа юу? Эдгээр асуултад хариулт өгч байваас Монголын төрийн явдал суудалд ихээхэн тустай билээ.
Улсын Их Хурал нь хууль хэлэлцэж батлах замаар төрийн эрхийг хэрэгжүүлдэг ардчилсан нийгмийн хамгийн гол институт. Нэг ёсондоо ардчиллын амин сүнс болохын хамт төрийн дээд эрхийг хэрэгжүүлэгч. УИХ-ын гол үүрэг нь улс орон, ард түмний эрх ашигтай холбоотой сайн, зөв хууль хэлэлцэж батлах юм. Тэгвэл Монголын үе үеийн парламент энэхүү үүргээ хагас дутуу, алдаг оног ханган биелүүлж ирснээс өнөөгийн төрийн алдаа завхрал, доройтол, нэр төрийн уналт бий болжээ гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.
УИХ болон УИХ-ын гишүүдийн нэр хүнд унасан, тэдний үүрэг оролцоог хэт дордчилон тооцох, үнэлэх болсонд мэдээж олон шалтгаан бий. Эдгээрийн дунд, УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй, сахилга батгүй байдал голлох нөлөөтэй ч магадгүй хамгийн гол шалтгаан нь сайн хууль хэлэлцэж батлах үндсэн үүргээ хангалтгүй биелүүлдэгтэй холбоотой. Бүр тодорхой хэлбэл, Монголын парламент улс орны өмнө тулгамдсан болон төрийн бодлогын чухал асуудлуудыг тэр бүр хэлэлцэж, шийдвэрлэж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь цаашлаад, төрийн чадавхтай холбогдох чухал дүгнэлт болж хувирна.
Монголд парламентын хэв ёс тогтноод хэдийнэ 30 жил өнгөрлөө. Гэтэл тус тогтолцоо хараахан төлөвшиж амжаагүй, түүгээр ч зогсохгүй зарим тохиолдолд зүй тогтлоосоо гажсан шинжтэй байгаа нь нууц биш. Монголын парламент ядаж л чанартайгаар хуралдаж, үр бүтээлтэйгээр хуулиа баталж чадахгүй байдалтай болсон. 76 суудлын үнэмлэхүй олныг нэг нам эзэрхэх болсон өнөө үед ч УИХ-ын чуулганы ирц асуудал дагуулсаар л байна. Хууль батлах л үүрэг даалгавартайгаар сонгогдсон УИХ-ын гишүүд нь чуулгандаа суухгүйгээр ямар ажил амжуулж явдгийг ёстой чөтгөр л мэдэх байх. Тэдний араас хариуцлага нэхэж, шаардаж шахах нь байтугай чуулган тасалсан гишүүнд оногдуулах сахилгын шийтгэл ч байдаггүй орон бол Монгол.
Гэтэл гадаад орнуудын жишиг өөр. XII зуунд Англид анх үүссэнээс хойш буюу 700-аад жилийн турш соёлт хүн төрөлхтний төрийн удирдлагын үндсэн механизм болсоор ирсэн парламентын сахилга хариуцлага нь үүрэг, үнэ цэнээ хамгаалах гол нөхцөл нь болж өгдөг. Тухайлбал, Японы парламентад гишүүд зөвхөн хууль тогтоох үйл ажиллагаанд л анхаарлаа хандуулах ёстой гэж үздэг учраас хуралдааны үеэр тараасан материалаас өөр зүйлс хийх буюу ном, сонин унших, тамхи татахыг хориглосон байдаг. Мөн гадуур хувцас, малгай, шүхэр гэх мэтийг авч орохыг хориглодог юм. Эхнийх нь үүргийг тодотгосон сахилгын заалт бол сүүлчийнх нь төрийн үнэ хүндийг мэдрүүлсэн заалт байх жишээтэй.
Дэлхийн жишгээс харахад парламент хууль тогтоох үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой гэсэн зарчмаар ихээхэн ачаалалтай ажилладаг ажээ. Улсуудын парламентын чуулганы үргэлжлэх хугацааг ихэвчлэн хуулиар тогтоодог ч тухайн чуулган бүрийн үргэлжлэх хугацаа өөр өөр байж болдог юм. АНУ, Их Британи, Франц зэрэг ихэнх улсын парламент жилд дунджаар 150 удаа хуралддаг нь ойролцоогоор 7-8 сар ажилладаг гэсэн үг. Харин Итали, Люксембург, Нидерландын парламентууд завсарлагагүй бүтэн жилийн турш чуулдаг. Герман, Японы парламентууд жилд дунджаар 180 хоног хуралддагаараа хамгийн өндөр ачаалалтай гэж тооцогддог.
Харин Монгол Улсын парламентын ажлын ачаалал дээрх орнуудтай харьцуулахад тун бага цагаар хуралдаж байна. 2000 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа УИХ-ын чуулганы жилд хуралдах хугацааг богиносгочихсон нь дэндүү харалган үйлдэл болсон. Үндсэн хуулийн 27.2-д зааснаар УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг 50 болгож багасгасан нь яах аргагүй ухралт болсон юм. Үүнийг алдарт хуульч Б.Чимэд агсан УИХ “ачаагаа хөнгөлсөн” үйлдэл гэж үзсэн байдаг. Гэтэл ийм бага ачаалалтай УИХ-аас гарах шийдвэр, хууль тогтоомжууд хуралдаж буй цаг хүрэлцээгүй, хангалтгүйн улмаас хангалтгүй, андуу ташаа, сул сулбагар, дутуу дулимаг байдалтай батлагдах болсон билээ. Манай УИХ зарим ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой асуудлуудаа ч хэлэлцэж амждаггүй тал бий шүү дээ. Жишээ нь, нэгэн удаагийн намрын чуулганаар 38 хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа гэхэд төлөвлөсөн асуудлаас 20 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл хэлэлцүүлгийн шатанд үлдэх жишээтэй. Бүтэн чуулганы турш хийх ёстой 38 ажлаас ердөө талыг нь л хийж амжсан гэж хөрвүүлэн ойлгож болох нь. Үлдсэн 17 хууль, бусад төсөл анхны хэлэлцүүлгийг давж чадалгүй дараагийн ээлжит чуулганыг хүлээх тавилантай хоцорч, дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж чадахгүй аваас УИХ-ын гишүүдийн өрөөнд өлөн тоосон дунд дарагдан ээлжээ хүлээн хэвтэж байдаг гэсэн үг ээ.
Тэгвэл энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад ямар, ямар чухал хууль багтаж вэ гэдгийг сонирхоод үзье. Улс орны өмнө тулгамдсан болон төрийн бодлогын чухал хуулиуд багтаж уу гэтэл хараахан үгүй байх юм. УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ. Тэр дагуу УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж бүхий энэ сард хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 44 хууль, тогтоолын төсөл багтсан байна. Тэдгээрийн дотор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Зөвшөөрлийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Жолоочийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын багц хуулиуд, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг хууль тогтоомжууд байгаа юм. Эдгээр асуудлыг чухал биш гэхгүй. Мэдээж хуулийн зохицуулалт шаардлагатай л байгаа салбарууд. Гэхдээ яг одоо тулгамдсан, эсвэл онц шаардлагатай, гойд чухлууд нь бол биш. Эдгээрээс чухал асуудал, шийдэл гарцаа хүлээгээд царцаж байгаа олон асуудал бий. Адаглаад л, улс орны эдийн засаг элгээрээ мөлхөж, импорт болон экспорт гацсан энэ үед дотоодын үйлдвэрлэл, тээвэр ложистик, татварын орчин, бизнес эрхлэгчдийн түрээсийн дарамт, чөлөөлөлт, хөнгөлөлтөө хэлэлцэхгүй юм уу! Түүний оронд Далай ашиглах хуулийн төсөл хэлэлцээд сууж байх нь хэр оновчтой юм бэ.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл ч гэх шиг. Гараг ертөнцийн озоны үе давхаргад санаа тавьж суугаа УИХ-даа талархаж байна. Бахтай байна. Гэхдээ өнөө маргаашийн идэх хоол, амьсгалах агаарт маань аюул занал тулж ирчихээд байхад түүнийгээ олж хараагүй байж юун озоны давхаргыг зүг давуулан “хараа бэлчээж” сууна вэ. “Ингэтэл хийцгүйрч суух хэр их завтай улс вэ, тэд” гэж эрхгүй асуумаар санагдав.
УИХ гэж ердөө л өмнө хойно баталсан хэдэн хуулийн заалтыг өөрчлөх, үг үсгийг солих төдийхнөөс хэтрэхгүй, албан тушаалын томилгоо ярьж, тулга тойрохоос өөр ажилгүй газар болж хувирлаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтаас улс орны хэмжээнд тулгарсан бэрхшээлийг шийдэх ширхэг ч “онц чухал” гэхээр хууль алга. Жагсаалтыг та бүхэнд хүргэе.
Хэлэлцэх асуудлын жагсаалт (цагаан толгойн дарааллаар)
Эдгээрийн чухам аль нь онцгой цар тахлын үеийн эдийн засаг, хаалт хорионд орсон хил гааль, уналт дампууралд өртөөд буй дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд, өдөр өдрөөр үрэгдэж хоргодож буй хүн ам, ядуурал хийгээд ажилгүйдлийг шийдэхэд нэмэр болох вэ. УИХ нь цаг үеэ мэдрэхгүй, гол асуудлаа олж харахгүй байхаар энэ улс орны хувь заяа хэрхэх вэ. Бодлого тодорхойлогчид гэж бидний өргөмжлөөд байдаг хүмүүсийн маань ухаан бодлын хараа “тугалын бэлчээр, туужууны бэлчир”-ээс давахгүй, тулгаа тойрон эргэцсээр байвал хэзээ бид жинхэнэ хөгжилд дөтлөх болж байна даа. УИХ илүү алсыг харж, илүү том зорилтыг онилж, арай л чухал асуудлуудыг хэлэлцэх ёстой. Шулуухан хэлэхэд, улс орныхоо хүлээлтэд УИХ-аар хэлэлцэх асуудлууд хэт жулдаж байна.