
Үргэлж алтны сүүдэрт дарагдан, хоёрдогч үнэт металл хэмээн үл тоогддог мөнгө ганцхан жилийн дотор дэлхийн зах зээлийн гол тоглогч болон цойлж эхэллээ.
Он солигдох зааг дээр мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрч унц нь 90 ам.долларт хүрсэн нь санамсаргүй тохиол биш юм. Мөнгө үнэт эдлэл, аюулгүй хадгаламж гэсэн тодотголоосоо хэдийнэ давж, технологижсон ногоон эдийн засгийн суурь болон хувирч байна.
Унц нь 15-17 ам.доллароос хэтэрдэггүй байсан мөнгөний ханш өнгөрсөн жилийн эхээр анх удаа 30 долларын босго давж өнгөрсөн долоо хоногт бүр 110 давсан нь хөрөнгө оруулагчид төдийгүй аж үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь доргиов.
Мөнгөний ханш цойлсон үүдэл шалтгаан хомсдол. Сүүлийн таван жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй явсаар 2024 онд үйлдвэрлэлийн эрэлт 1.16 тэрбум унц хүрсэн нь 2020 оныхоос даруй 32 хувиар давсан үзүүлэлт болохыг Silver Institute-ийн тоон мэдээлэл харуулна. Дэлхий нийтээр ногоон эрчим хүчинд шилжихээр чармайж хойшдоо эрэлт улам нэмэгдэнэ. Улс орнууд нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах зорилтдоо яарч, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих тусам мөнгөний хэрэглээ ногоон бодлогын дагалдах зардал болон хувирч буй. Одоогоор нарны зай хураах нэг хавтанд 20 гр, харин цахилгаан автомашинд 25-50 гр мөнгө хэрэглэдэг.
Цаашлаад 5G сүлжээ, хиймэл оюунт эрүүл мэндийн төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл гээд мөнгөний өвөрмөц цахилгаан дамжуулах чанарыг ашигладаггүй дэвшилтэт технологи ховор болсон.
Гэтэл уурхайн үйлдвэрлэл эрэлтээс хоцорч, 2024 онд дэлхийн мөнгөний уурхайн гарц ердөө 819.7 сая унц байв. Хомсдол ужгирсаар 2030 он гэхэд 1.5 тэрбум унц давж магадгүйг Silver Institute анхаарууллаа.
Геополитикийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй хөрөнгө оруулалтын шийдвэр үнэ өсөх дараагийн шалтгаан. Улс орны төв банкууд бодлогын хүүгээ бууруулж, долларын ханш сулрахад зэрэгцээд алттай хамт мөнгөний ханш чангарсан. Ойрхи Дорнодын зөрчил сөргөлдөөн, Орос Украины дайн, АНУ-Хятадын худалдааны маргаан зэрэг геополитикийн хүчин зүйлсээс шалтгаалж мөнгийг шар металлын адил “аюулгүй хөрөнгө”-өөр хадгалах хандлага ажиглагдаж эхэлсэн. Мөн Хятад улс 2026 оны нэгдүгээр сараас мөнгөний экспортоо хязгаарлаж 44 компанид л зөвшөөрөл олгосон нь үнэ цаашдаа ч өсөх замыг засаж өглөө.
Алтаас ялгаатай нь мөнгөний хэрэглээний дийлэнх хувь нь бодит үйлдвэрлэлд шингэдэг. Өнгөрсөн онд мөнгөний эрэлтийн 60 орчим нь үйлдвэрлэлд зарцуулагдсаны зэрэгцээ хэрэглээ 689.1 сая унц хүрч бас нэгэн дээд амжилт тогтоосон юм. Зөвхөн электроникийн үйлдвэрлэлд гэхэд л жилдээ 500 сая унц мөнгө хэрэглэдэг. Oxford Economics-ийн тооцоолсноор, 2025-2031 онд автомашины үйлдвэрлэлд ашиглах мөнгөний эрэлт жилд 3.4 хувиар өснө. Цахилгаан автомашин (EV) бүрд дотоод шаталтат хөдөлгүүртэй машинаас 67-79 хувиар илүү мөнгө шаардлагатай. Гэтэл 2027 онд цахилгаан машины эрэлт дотоод шаталтаас давах нь улам бүр тодорхой болоод буй.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд мөнгө голчлон нарны фотовольт хавтангийн үйлдвэрлэлд ашиглагддаг. Өнгөрсөн онд нарны зай хураах PV технологи мөнгөний аж үйлдвэрийн эрэлтийн 30 гаруй хувийг эзэлсэн нь 2014 оныхоос 11 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны байдлаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах мөнгөний хэрэглээ 250 сая унц хүрэх төлөвтэй. Ногоон эрчим хүчний шилжилт, ялангуяа нарны эрчим хүчний өсөлтөөс шалтгаалан мөнгөний эрэлт цаашид нэмэгдэх ч илүү үр ашигтай технологийн дэвшил гарснаар энэ өсөлтийг тодорхой хэмжээгээр сааруулж магадгүй.
Мөнгөний нянгийн эсрэг ариутгах, халдваргүйжүүлэх онцгой шинж чанарыг хэдэн зууны өмнөөс анагаах ухаанд ашиглаж ирсэн. Орчин үед энэ хэрэглээ илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, хяналттай хэлбэрт шилжиж буй. Тухайлбал, антибиотикт тэсвэртэй нянгийн эсрэг уламжлалт эмийн үйлчилгээ чамлагдахын хэрээр бактериас хамгаалалт өндөртэй мөнгөлөг материалын хэрэглээ нэмэгдэж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалалтын гадаргуугаар ч тогтохгүй ус цэвэршүүлэх системд мөнгөний ариутгах шинж чанарыг өргөн хэрэглэх боллоо. Харин жилдээ 250 орчим сая унц мөнгө үнэт эдлэл болдог.

Дэлхийн мөнгөний экспорт 30 тэрбум ам.долларт эргэлддэг бол Мексик, Хятад, Перу улсууд зах зээлийн тулгуур. Мексик гэхэд дангаараа дэлхийн зах зээлийн 25 хувийг үйлдвэрлэдэг. Гэхдээ мөнгөний олборлолтын дийлэнх нь бие даасан уурхай биш, харин зэс, хар тугалга, цайрын дайвар бүтээгдэхүүн байдаг. Өөрөөр хэлбэл, шинээр уурхай нээх, олборлолтоо тэлэх боломж хомс нь өдгөө нийлүүлэлт тасалдаж буй нэг шалтгаан. Шууд олборлохоос гадна дахин боловсруулалт зах зээлийн тодорхой хувийг эзэлнэ. 2024 онд дахин боловсруулалт 193.9 сая унц хүрч, зургаан хувиар өссөн байна.
АНУ, Их Британи, Энэтхэг, Хонконг нь мөнгөний гол импортлогчид. Ялангуяа Энэтхэгийн импорт сүүлийн жилүүдэд огцом өссөн нь үнэт эдлэл, өндөр технологийн нөлөө.
Дэлхийн мөнгөний нөөц ойролцоогоор 640 000 тонн бол Перу улс үүний 22 хувийг дангаар эзэмшдэг. Чили, Аргентин, Боливийг оролцуулаад цалин цагаан мөнгөний дэлхийн үүцийн 30 хувь нь Өмнөд Америкийн хөрсөн дор байна.
Газрын хэвлийд мөнгө хангалттай гэх ойлголт зах зээлд түгээмэл. Гэвч бодит байдал дээр олборлолтын шинэ төсөл эхлүүлэхэд багадаа 10-15 жил, асар их хөрөнгө, байгаль орчны зөвшөөрөл шаардагдана. Үүн дээр улс төрийн эрсдэл, нутгийн оршин суугчдын эсэргүүцэл нэмэгддэг нь дэлхийн хаана ч түгээмэл үзэгдэл.