Арваннэгдүгээр сар бол уушигны хорт хавдрыг таниулах сар. Тиймээс энэ хүрээнд уушигны хорт хавдрын өвчлөлийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзоригтой ярилцлаа.
-Монгол Улсад 64-69 насны хүмүүс уушигны хавдраар хамгийн их өвчилж байна-
-Дэлхий нийтэд хамгийн их тохиолддог, хамгийн өндөр нас баралттай хавдар бол уушигны хорт хавдар юм. Өндөр хөгжилтэй орнуудын хавдрын өвчлөлийг уушигны хорт хавдар тэргүүлдэг. Жил бүр хоёр сая хүн энэ өвчнөөр өвчилж нэг сая 800 нь тухайн жилдээ нас бардаг. Монгол Улсын хувьд энэ хавдар элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлийн дараагаар гуравдугаарт бичигддэг.
-Уушигны хорт хавдрын өвчлөл ийм өндөр байгаа шалтгаан юу вэ?
-Үндсэн шалтгаан нь дэлхий нийтээрээ тодорхой. Хамгийн эхний шалтгаан тамхидалт. Яагаад үүнийг баталгаатай хэлж байна вэ гэхээр 1930-аад оноос дэлхий нийтээрээ тамхи татаж эхэлсэн байдаг. Ингэснээр 1950, 1960-аад оноос эхлээд уушигны хорт хавдрын тохиолдол огцом нэмэгдсэн. Үүнээс өмнө уушигны хорт хавдар байхгүй шахуу байсан. Тийм учраас тамхины хэрэглээ уушигны хорт хавдрын шалтгаан болох нь батлагдсан.
Хавдрын хоёр дахь шалтгаан бол агаарын бохирдол. Улаанбаатар хотын сүүлийн 10-аад жил шиг ийм агаар уушигны хорт хавдрын бие даасан шалтгаан болдог гэж үзсэн. Гурав дахь шалтгаан нь уушигны архаг хууч өвчний суурин дээр суурьлаад хавдар руу шилждэг гэж үздэг. Дөрөв дэх шалтгаан нь өвөрмөц тоосжилттой нөхцөлд ажилладаг мэргэжлийн хүмүүст үүсдэг гэж үзэж байгаа. Жишээлбэл, уул уурхайн ажилтан, замын цагдаа, барилгын салбарынхан.
-Хавдраар өвчилсөн хүмүүсийг насаар авч үзвэл?
-Судалгаа хийж үзэхэд Монгол Улсад 64-69 насны хүмүүс энэ хавдраар хамгийн их өвчилж байна. Нас ахих тусам уушигны хорт хавдраар өвчлөх магадлал ихэснэ.
-Залуучууд өвдөх нь харьцангуй бага гэж тооцож болох уу?
-Одоогийн байдлаар гайгүй байгаа. Гэхдээ энэ байдал Улаанбаатар хотын иргэдийн хувьд 30 жилийн дараа өөрчлөгдөх магадлалтай. Энэ нь бохир агаарт амьдарч байгаа нөхцөл байдалтай холбоотой. Гэр хороололд утаа ямар түвшинд байгаа билээ. Тиймээс энэ орчинд өсөж торниж байгаа хүүхдүүд залуу насандаа уушигны хавдраар өвчлөх эрсдэл байгаа. Тодруулбал, Улаанбаатарыг утаатай болоход мэндэлж байсан хүүхдүүд одоо 10 настай. Тэр хүүхдүүд 20 жилийн дараа 30 хүрээгүй насандаа уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй болоод байна.
-Уушигны хорт хавдрын хамгийн гол шалтгаан тамхидалт. Гэтэл манай улсын тамхидалтын түвшин өндөртөө тооцогддог?
-Манай улсын эрэгтэйчүүдийн 50 хувь, эмэгтэйчүүдийн 15 хувь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Харамсалтай нь сүүлийн үед тамхи татах хүмүүсийн нас залуужиж хүүхдүүд маш их тамхи татаж байна. Монголд бас тамхидалтын өөр нэг өвөрмөц хэлбэр бий. Энэ нь юу вэ гэхээр манай улсын ухамсаргүй, боловсролгүй өрхийн тэргүүнүүд агаар орох боломжгүй монгол битүү гэрт олон нялх нойтон хүүхдийнхээ дэргэд тамхи татдаг. Хөдөө орон нутагт энэ бол маш түгээмэл үзэгдэл. Монголд ийм нэг онцлог байгаад байгаа юм.
-Тамхитай холбогдуулаад асуухад нийт хорт хавдрын 26 хувь нь тамхинаас үүдэлтэй гэдэг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бодитой. Тамхи зөвхөн уушигны хорт хавдар үүсгэдэггүй. Толгой хүзүүний байрлал буюу амьсгалын дээд зам, хоол боловсруулах зам, амны хөндий, залгиур, төвөнх гээд тамхи зуугаад л утаа хүрч буй бүх эрхтэний хавдрын шалтгаан болдог. Эмэгтэйчүүдэд гэхэд хөхний хавдрын бие даасан шалтгаан болж байна. Үүнээс гадна уушиг, улаан хоолой, ходоодны хорт хавдрын шалтгаанд тооцогддог.
-Өдөрт 2-3 хайрцаг тамхи татдаг хүмүүс элбэг байдаг болжээ. Эдгээр хүмүүсийг ямар эрсдэл хүлээж байна вэ?
-Тамхи хорт хавдрын шалтгаан болохоос гадна маш олон төрлийн өвчний үүсгэгч болдог. Хамгийн түрүүнд амны хөндийн ариун цэвэр алдагдана. Хоёрдугаарт, судас нарийсгаж агшаадаг үйлчилгээтэй. Үүнээс үүдээд зүрх судасны өвчин, ходоодны шархлаа, бөөрний дутагдал үүсч болно. Хавдрын эмнэлэгт ямар бэрхшээл тулгарч байгаа вэ гэхээр ямар нэгэн байрлалын хавдар туссан өвчтөнд эмчилгээ хийх гэхээр тамхины улмаас өвчилсөн эрхтэнүүд гүйцэд ажиллахгүй, хүндрэл гарч нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Товчхондоо, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдартай хүн боломжийн түвшинд оношлогдоод эмчилгээ хийх гэхээр тамхинаас шалтгаалсан суурь өвчнүүд нь боломж олгодоггүй. Тамхи бол маш олон төрлийн муу урхагтай.
-Өлөн элгэн дээрээ тамхи татах нь ходоодны хорт хавдрын шалтгаан болдог гэж байсан. Энэ үнэн үү?
-Ходоодны хорт хавдрын үндсэн шалтгааны нэг нь тамхи. Өлөн элгэн дээрээ тамхи татсанаар ходоодны салстад шууд нөлөөлж байна л гэсэн үг. Тиймээс бодит мэдээлэл гэж ойлгож болно.
-Дэлхий дахинд жилд хоёр сая хүн шинээр уушигны хорт хавдраар оношлогдож, нэг сая 800 мянга нь тухайн жилдээ нас бардаг гэсэн. Манай улсад жилд 400 гаруй хүмүүс уушигны хорт хавдартай гэж оношлогдож байгаа. Энэ хүмүүсийн хэд нь нас бардаг вэ?
-Хоёр сая хүнээс нэг сая 800 мянга нь нас барч байна гэдэг бол гамшиг. Хамгийн өндөр хөгжилтэй Баруун европ, Хойд Америкийн орнууд, Солонгос, Японд ч яг адилхан гамшгийн хэмжээнд байна. Манай улсад сүүлийн 10 жилд уушигны хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдээгүй ч тогтвортой нэмэгдэж байгаа. 100 мянган хүн амд харьцуулж тооцдог л доо. 10-аад жилийн өмнө 100 мянган хүн тутмын 11-12 нь өвдөж байсан бол одоо 13-14 орчим болсон. Жилд оношлогдож байгаа 400 хүний 300 гаруй нь тухайн жилдээ нас бардаг.
-Уушигны хавдартай гэж оношлогдсон хүмүүст ихэнхэд нь ямар нэгэн шинж тэмдэг огт илэрдэггүй гэсэн. Ийм чимээгүй хавдар уу?
-Хамгийн гол нь анх үүсэхдээ ямар нэгэн зовиургүй. Шинж тэмдэг илрэхэд нэгэнт оройтсон байдаг. Тиймээс эрт үеийн илрүүлгийн үзлэгийг чанартай зохион байгуулах чухал байна. Улс орны нөхцөл байдлаас шалтгаалаад нэгдсэн үзлэг зохион байгуулах боломжгүй байна. Тиймээс тамхи идэвхтэй татдаг, 50-аас дээш насны хүмүүс жилдээ нэг удаа уушгиа нарийн шинжилгээнд харуулчих хэрэгтэй. Зовиур хөөцөлдөөд бид хэзээ ч амжилтад хүрэхгүй.
-Тэгэхээр рентген шинжилгээгээр л уушигны хорт хавдартай гэдгээ мэдэх боломжтой юу?
-Рентген шинжилгээгээр уушигны хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл зүрхний сүүдэртэй давхацсан байрлалын хавдрыг барагтай эмч ялгаж харж чадахгүй. Ялгая гэвэл томографаар харж байж мэдэгдэнэ. Уушигны хорт хавдрыг нэгдүгээр үед нь илрүүлж чадвал 100 хувь эмчлэх бүрэн боломжтой.
-Элэгний хорт хавдар огцом буурч, уушигны хорт хавдар огцом нэмэгдэнэ-
-Манай улсад уушигны хорт хавдрын өвчлөл цаашид буурах болов уу?
-Үгүй. Эсрэгээрээ огцом нэмэгдэнэ. Зонхилон тохиолдох хавдруудын төлвийг тооцоолоход ойрын жилүүдэд элэгний хорт хавдар огцом буурна.
-Яагаад элэгний хавдар огцом буурна гэж?
-Яагаад гэхээр 1992 оноос элэгний В вирусын вакцинжуулалт эхэлсэн. Мөн энэ үетэй ойролцоо нэг удаагийн тариур зүү хэрэглэдэг болсон. Вирусын халдварыг зогсоогоод, вакцинжуулалт хийчихсэн. Одоо ямар зүй тогтол ажиглагдаж байна вэ гэхээр энэ үеэс өмнө B, C вирусын халдвар авсан хүмүүс хавдраар өвчилж байна. 1992 оноос хойшхи вакцин хийлгэсэн хүмүүс элэгний хавдраар өвчлөх нь эрс багасна. Тиймээс элэгний хавдар нэг номерт байхаа болино. Харин үүний оронд ходоодны хорт хавдар тэргүүлэх байх. Учир нь ходоодны хорт хавдрын үүсгэгч болсон хорт зуршлын хэрэглээ, хоол хүнсний чанар, хеликобактерийн өвчлөл ямар байгаа билээ дээ. Ходоодны хорт хавдрын араас уушигны хорт хавдар огцом нэмэгдэнэ гэж харж байгаа. Барагцаалвал, 20 жилийн дараа. Энэ миний таамаг л даа. Гэхдээ нэг их хол зөрөхгүй байх.
-Уушигны хавдрыг үүсгэгч нэг гол нөхцөл болсон агаарын бохирдол бий болоод 10 жил болчихлоо гэж тооцоод та ингэж хэлээд байна уу?
-10 жил утаанд нэрвэгдсэн улсууд яах юм бэ. Тодорхой хувь нь зайлшгүй л хавдраар өвчилж таарна шүү дээ. Би тэгж л харж байна. Миний дээр хэлсэнчлэн нөгөө нэг салбарын хүмүүс мөн л уушигны хавдраар өвчилнө. Уул уурхайн ажилтнуудыг зурагтаар харахад шил, маск зүүсэн харагддаг л даа. Энэ бол мэдээж сайн. Гэтэл барилга дээр ажиллаж байгаа залуучуудыг харахад тоос, цемент, шохойтой ажиллаж байгаа мөртлөө маскгүйгээр ажиллаж, зогсоо зайгүй тамхи татдаг. Дээрээс нь гоймон идэж, кола л ууна. Энэ бол гамшиг. Ходоод, уушгаа алж байна л гэсэн үг. Уушигны өвчнөөр өвдөх нь зайлшгүй. Хариуцаж, удирдаж байгаа хүмүүс нь ядаж маск зүүлгээсэй билээ гэж боддог юм.
-Уушигны хавдар үсэрхийлж бусад эрхтэнээ гэмтээдэг гэсэн. Аль эрхтэн рүү хамгийн их үсэрхийлдэг вэ?
-Хавдар үсэрхийлж байна гэдэг нь төгсгөлийн шатандаа ороод, эмчилгээгүй болж байна гэсэн үг. Ер нь үсэрхийлэл хамгийн очих дуртай байрлал нь уушиг, элэг, тархи, яс байдаг. Уушигны хавдар ч мөн адил эдгээр эрхтэн рүү үсэрхийлэх дуртай.
-Уушигны хорт хавдрын эмчилгээ нь юу вэ?
-Зөвхөн уушигны хорт хавдрын гэлтгүй хорт хавдрын хамгийн эхний эмчилгээний сонголт мэс засал байдаг. Үе шат нь оройтох тусам гарч ирдэг дараагийн эмчилгээ бол химийн болон туяа эмчилгээ байдаг. Зарим тохиолдолд энэ гурван эмчилгээг хослуулж хийх ч тохиолдол байдаг.
-Ихэнх хавдрууд гурав, дөрөвдүгээр үедээ орохоор эмчилгээгүй болдог. Уушигны хавдар ч гэсэн адил уу?
-Гуравдугаар үе нь А, Б гэсэн хоёр янз байдаг. А хувилбартай оношлогдвол эмчлэх боломжтой. Б хувилбартай оношлогдвол эмчилгээний сонголтууд хязгаарлагдана. Харин дөрөвдүгээр үе шатанд орсон бол үндсэндээ найдваргүй гэсэн үг.
-Хорт хавдрын сүүлийн шатанд орсон тохиолдолд эрхтэн шилжүүлэх мэс засал хийж байгаа. Тэгвэл уушгийг шилжүүлэн суулгах боломж байдаг юм уу?
-Дэлхий бусад улс оронд уушиг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Гэхдээ уушигны хорт хавдартай болсон хүнд уушиг шилжүүлэн суулгах боломж байхгүй. Монгол Улсад энэ төрлийн мэс засал хөгжөөгүй байгаа.
-Ковид-19 өвчний улмаас уушигны өвчлөлтэй хүмүүс эрс нэмэгдэж байна. Уушиг нь гэмтсэн хүмүүсийг ямар эрсдэл хүлээж байна вэ?
-Ковид-19 вирус одоогоор бүрэн судлагдаагүй, шинэлэг зүйл байна. Гэхдээ хүмүүсийн уушиганд маш их урхагтай, нэвчдэс, сорвижилт, өөрчлөлтийг үлдээж байна гэж байгаа. Үүнийг Монгол Улс болон дэлхий нийт цааш судлах байх. Таамаг хүлээлтийг харах юм бол энэ суурин дээр нь янз бүрийн уушигны хүнд өвчин, тэр тусмаа хавдар үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ нотлогдоогүй учраас шууд ингээд хэлчихэж болохгүй байна л даа.
-Ковидоор өвчилснийхөө дараа уушгиа үзүүлтэл эмч нь “Хүндхэн ханиад тусвал чиний уушиг дийлэхгүй юм байна” гэж хэлсэн гэсэн. Байдал үнэхээр ийм хүнд байгаа юм уу?
-Уушгинд их хэмжээний гадаргууг хамарсан нэвчдэс үүссэн тохиолдолд эмч ингэж хэлж болно. Өвчтөний онцлогоос шалтгаалаад уушгинд нь харилцан адилгүй нэвчдэс үүсдэг. Бид саяхан ковидоор өвдсөн залуухан эмчийн уушигны зураг харлаа. Зургаас харахад ямар ч амьдрах чадваргүй болсон нь харагдаж байгаа юм.
-Эдгэчихлээ гэтэл тэр залууг үхэл л хүлээж байна. Тийм үү?
-Тийм. Ямар ч наашаа эргэх зүйл байхгүй.
-Бид ер нь уушгаа яаж хайрлах ёстой юм бэ?
-Уушигны хамгийн гол үүрэг агаар солилцоо. Хүчилтөрөгчийг зүрхэнд аваачиж хүргээд, хортой нүүрс усны хийг уушгаар дамжуулаад гаргах зорилготой. Хамгийн гол нь уушгинд цэвэр агаар л хэрэгтэй. Тамхинаас татгалзах хэрэгтэй. Дээрээс нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэж чадвал уушиг эрүүл байна.