Таван өөр өнгө, таван өөр ертөнц, таван өөр мэдрэмж нэгэн тайзнаа нэгдэн уусав. Өөр өөрийнхөө ертөнцөөр эзэмдэв, өөр өөрийнхөө мэдрэмжээ тайлав. Бас өөр өөрийн өнгөтөө уусгав. Ийм нэгэн үдшийн арга хэмжээг СУИС-ийн багш, доктор профессор П.Батхуяг нээв. Тэр бол өнөөдрийн цэнгүүний хөтөч. Уран гоёмсог үггүй, тод чанга дуу бүр ч байхгүй. Гэхдээ өчигдрийн тэр үдэшт онож зохисон олон зүйлийн нэг нь байсан. П.Батхуяг багш “Яруу найраг гэдэг гэрэлтэй сайхан ертөнцийн ялдам агшныг мэдрэхийн тулд цагийн хатуу, цасны хайрууг үл ажран хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бид нарыг энэ тайзанд, энэ танхимд яруу найраг л учруулж байна. Тийм учраас манайхны хэлэх дуртай “Ямагт биднийг учруулдаг яруу найраг мандтугай” хэмээх үгээр өнөөдрийн арга хэмжээг эхлүүлье” хэмээснээр “Poetry night Volume 1”-ийг эхлүүлэв.
Шүлгээ дуудах эхний яруу найрагч отгон “Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш байлаа. Тэрбээр “Уйтгарт эх нутгийн дуун” шүлгээ сонордуулав.
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч эмгэд эрт урьдын цагийг
Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг” хэмээхтэй зэрэгцэн гитарын аялгуу эгшиглэж, тайз тэр чигтээ харанхуйлж, гитарчин залуу найрагч хоёроос гэрэлтэх зүйл үгүй болов.
Дараагийн найрагч Ч.Ууганбаярыг хөтлөгч тайзнаа дуудав. Үзэгч найрагч хоёрын гүүр нь болж, өнөөдрийг бүтээсэн гол дүр байж, тэр залуу. Тэрбээр “Шинэ шүлэг эхэлнэм” шүлгээ дуудав. Нэг л мэдэхнээ түүний шүлэг
Өвлийн шөнө өөрөө даарсан ч
Үрийнхээ төлөө нүүрс үүрээд
Үүрээр цантсан нүүрэндээ
Инээмсэглэл тодруулан орж ирээд
Өрдсөн галандаа биш
Үр хүүхдээ гэх сэтгэлдээ дулаацан суух
Эцэг хүний дулаан хайр шиг
Шинэ шүлэг эхэлнэм
Сэтгэл зүрхээ нээнэм
Яруу найрагч уншнам” хэмээн дуусч байлаа. Эхний шүлгээсээ л тэр “Шүлгээ хүргэсэн шиг хүргэдэг, уншилт гоётой залуу байна” гэх дүгнэлтийг үзэгчдээс авсан. Үүнийгээ ч баталж тоглолт цаашлах тусам уншилтын чансаагаа улам өндөрсгөсөн.
“С.Начингийн яруу найраг бол хүний зөөлөн сэтгэлийн илрэл. Түүний шүлгүүд хүний сэтгэлийн хамгийн нандин утсуудыг хөндөж байдаг. Та нар ч гэсэн үүнийг мэдэх болов уу гэж бодож байна" хэмээснээр дараагийн шүлэгч тайзнаа гарч ирэв. Тэрбээр “Яруу найрагч байх ай яасан их...” шүлгээ дуудав.
Гоёмсог хээтэй хивсийг
Шат бүртээ дэвссэн
Гоёлын шилэн бүрхүүлийг
Шал бүртэй эгц тусхаар
Адраас өлгөсөн
Хана өнцөг булан бүрээс нь
Он оны ирж одогсодын сүнс эгшиглэсэн
Хархад л хайрлан дуу алдмаар үзэмрүүдтэй
Огтоос төсөөлж хүрэмгүй ертөнцийн цэг дээр
Өнөөдөр учирал тохиолдлоор би ирлээ
Хаалганы бариулаас барихад л
Ертөнц амьсгалаа чагнах мэт
Хачин их уй биеэр хэсүүчлэн тэнэх-үй
Ердөө иймхэн гэж хэлээд ч хүч үл хүрэх
Харанхуйг түрсэн гэгээ бодлын зүүг сүвэгчилнэ
Нүднээ хийсвэр орон зай шатаж
Цээжнээ намрын цас хаялах шиг
Нар зулайг нь хэзээ тэртээ үнэрлэж байсан
Цэх шулуун зоримог харцтай
Нэгэн хүн чулуун хөшөө хөдөлгөөнгүй намайг ширтэнэ
Айх аюул, түгших сэтгэл хэдий төрөхгүй байгаа ч
Тэр уйлж буй мэт, цөрхөрөн шаналж буй мэт
Ажиж сайтар сонордвол зүрх минь шив шинээрээ цохилж буй шүү гэсэн мэт
Тэргүүнээ өлийлгөөд ихэмсэгхэн заларна
Хүрч, тэмтэрч амталж мэдрэе гэвч
Хуруу минь үл хөдөлнө,
Гагц судсаар урсах цус минь л
Гарт нь гараа атгуулаач гэж шивнэнэ
Шанзны утас доргин чичирхийлээд тасрах шиг
Шаналал гунигаар л голоо зогоогч би
Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй
Цогьсолтондоо баярлах нялх хүүхэд шиг эргэлзэнэ
Яах вэ? байз нүдээ аниад түүний биерүү нэвтрэх гээд үзэе!
Яруу найрагч байх яасан их жаргал вэ
Түүний энэ шүлгэнд үзэгчид танхим дүүрэн алга ташилт хайрлав.
Дараагийн найрагчаас ч алга ташилтаа харамласангүй. Тэр бол Д.Дамдинжав. Тэрбээр
Багадаа би шидтэн байлаа
Баясан дуулдаг тайзтай байлаа
Итгэхийн аргагүй ид шидэнд минь
Итгэн үнэмшдэг ижий аавтай байлаа
Чулуунд би далавч зүүлгээд
Шувуудын араас нисгэдэг байлаа
Шидсэн чулууд минь оддын зүгт одоод
Шөнийн тооноор гэрэлтдэг байлаа
Тэнгэрийг би алгандаа нууж унтаад
Тэнийлгэхэд минь өглөө болдог байлаа
Нарыг би цасанд боогоод
Намхан хашаан дотроо хонуулдаг байлаа
Аавынхаа дээлийг нөмөрчихвөл
Алга болдог байлаа
Алаг хонгор үр минь хаана байна гэхэд нь
Аньсан нүдээ нээгээд ил гардаг байлаа
Нууж унагасан ижийнхээ нулимсаар
Зурсан цэцгээ услаад ургуулдаг байлаа
Ургуулсан тэр цэцгээ ээждээ үзүүлээд
Уул тал дэлгэртэл инээлгэдэг байлаа
Багадаа би шидтэн байлаа
Баясан дуулдаг тайзтай байлаа
Итгэхийн аргагүй ид шидэнд минь
Итгэн үнэмшдэг ижий аавтай байлаа
Өдгөө би чулуудад үг шивнэхээ болиод
Өнөөх оддын зүг санаашран ширтэх болсон
Өөрөө би шидтэн байхаа больсон ч
Өөр шигээ бяцхан шидтэнд
Итгэн үнэмшдэг эцэг нь болсон гэснээр жаргаав. Түүний шүлгийн нэр “Шидтэн” гэнэ.
Дараагийн шүлгэн цацлаа өргөсөн уран бүтээлч Н.Минжинсайхан.
Хялгас түүдэглэж
Гэрийнх нь бүслүүрийг алгадлаа,
Хорол тоононоос нь
Арвай буудай зангидлаа,
Махир үзүүртэй унь
Туурганы хоолойг нь бүү элээг!
Хахир хүйтэн шуурга
Хаалга үүднээс нь холуур тойрог ээ! гэж
Өвөг аав чинь хэлж, ерөөж
Өнөөдрийг чи бидэнд авч ирсэн юм, хонгор үр минь!
Үүд алдлаж гэрийнхээ босгон дээр
Бүү гишгэ! үр минь
Үүд амгалан бол хоймор амгалан
Хоймор амгалан бол
Хорвоо амгалан байдаг юм!
Сааль сүүнийхээ зайцаар үйл мэтгэх ижий чинь
Сайхан үрдээ гээд “өлзий хээ” урлаж сууна
Ижил хоёр багана тэвэрч
Эртнийхээ ёсыг бүү эвд ээ!
Муйлан эвэртэй шар тэрэгнийхээ
Арал, данзыг элээж
Муу аав нь чамдаа
Эмээл, хазаар зэхэж сууна!
Үүд алдлаж гэрийнхээ босгон дээр
Үг авахгүй гишгээд байх юм бол
Уул өвгөдийн чинь захисан үг
Улсын хил, гэрийн чинь хоймор
Амгаланг хэзээ олох юм бэ?
Алаг үр минь, хонгор үр минь!
Уулын ам, хөндий жалга руу
Угтах үүдээ харуулдаггүй юм!
Морин хананы нүхээр шагалзаж
Монгол ёсоо гээдэггүй юм!
Холчийн удам, өвгөдийнхөө захиас
Хонгор үр минь, хонгор үр минь ээ. Түүний "Хонгорхон үр минь" шүлгээр эхний үе өндөрлөв.
Таван найрагч өөрсдийн сэтгэлдээ нандигнадаг шүлгүүдээ гитарын аялгуутай хослуулж уншсанаар тоглолтын эхний үе дуусч, хийл, төгөлдөр хуураар чимэглэсэн “Хайр” хэмээх хоёрдугаар бүлэг эхлэв. Д.Дамдинжав хайрын шүлгийг цагийг “Дурлал” шүлгээр эхлүүлэв.
Би анх чамайг олж харахад чи арван зургаатай байлаа
Бийр авч, үсийг чинь зурахад чи арван долоотой байлаа
Бэхэн дундаас чиний уруулыг хайхад чи арван естэй байлаа
Бэлхүүс зураад, дунд нь цэг хатгахад чи яг хорьтой байлаа...
Би чамд хайртай гэж хэлэхэд чи хорин нэгтэй байлаа
Бэлэг шиг нялх үдшийг хамт өлгийдөхөд чи хорин хоёртой байлаа
Бийрээ тавиад, галбирыг нь сийлж суухад чи хорин гуравтай байлаа
Бэлхүүсийг хоёр утгад хувилахад чи хорин дөрөвтэй байлаа...
Би чамайг хоёр дахин ихээр хайрлахад чи хорин тавтай байлаа
Бэр цэцгээр үсийг чинь гоёход чи хорин зургаатай байлаа
Бэрхийн ууланд хамт зугаалахад чи хорин долоотой байлаа
Бэлийн чулуу түүж, сэтгэлээ чам руу зөөж явахад чи хорин наймтай байлаа...
Саргүй үдшээр цөөрөмд очиход чи хорин естэй байлаа
Санаа алдалт шиг од харвахыг ажиж суухад чи гучтай байлаа
Санасан шүү гээд бүдэгхээн дуу алдахад чи гучин нэгтэй байлаа
Салхигүй намуухан цөөрөмд бийрээ дүрэхэд чи гучин хоёртой байлаа...
Сайхныг чинь дахиад л зурж эхлэхэд чи гучин гуравтай байлаа
Санаандгүй үсэнд нь ганц цагаан зураас татахад чи гучин дөрөвтэй байлаа
Сар тэргэлтэхэд чи гучин тавтай байлаа
Сайхь цөөрөмд гурван нялх ангир хөвөхөд чи гучин зургаатай байлаа...
Гурван ангир хөвсөн цөөрмийн дэргэд
Гуниг гэдгийг үүрд мартаад
Хулсан бийрээ хөдөлгөн суухуйд
Гучин зургаатай чи минь арван зургаатай хэвээр байлаа
Тэр “Ийм нэгэн яруу, тансаг үдшийг мэдрэх л гэж та нар зорьж ирсэн юм шүү” гэдгийг шүлгээрээ хэлээд өгөв. Үргэлжлүүлэн С.Начин “Наймантаа тайтгармуй” шүлгээ дуудав.
Турьмаг ялдам цэцгийн иш бүртэлзүүлсээр дэгдэж ирэх
Тунгалан нүдэн чиний гэрэлт инээмсэглэлийг чихэндээ хоногшуулж
Угтан ирэх өдөр хоногуудын, уй цөгөлсөн давтамжит мөчүүдийг
Уруулаар дамжиж биед нэвчихдээ улаан цусыг минь цэнхэр өнгөтэйгээ уусган нэгтгэх
Болор жүнзнээ мэлтрэн цалгилах дарсны хөвсөлзөх долгионоос үзэхдээ
Бийр адил уя туяхан хөдлөх, хөлийн чинь гишгэгдлийг ажиглаж нэгэн тайтгармуй
Сэрвэгнэх зүүдний эрвэгнэх хөлбөрөөн лугаа
Бие сэтгэлийн дотуур дураар жиргэх уянгат дууны чинь эгшигэнд согтож
Салхин сэвшээтэй нуурын долгиог өнө удаан ширтэнгээ нэгэн мөрийг гүнд нь живүүлэхэд
Бидэртсээр үлдсэн хэсэгт нь өөрийнхөө гунигт дүрийг тольдоход
Чивчиртэл татсан нумны үзүүрээс алдуурсан сум адил
Чиний нүд намайг ширтэхэд хоёронтой тайтгармуй
Ногтруу шувууд дэрсэн дундуур явгалан гүйлдэх шиг
Тийм эмзэг яруухнаар цочимоглон зүүрмэглэхдээ
Навчисын амирлангуй нярайлах үндэсийг тэтгэж
Тэнгэр хэмээгч газраас асгарах борооны дусалд норхыг чинь үзэхдээ
Цасны ширхэгт хувилж, будар шудар хаялахад
Царай тань үлэмж гэрэлтхийг харж гурвантаа тайтгармуй
Хязгааргүй уусалт шиг цаг хугацааны дэнсэн дээр
Үсээ шуугаад, буцаагаад асгаваас чинь сар толбоо нууж, нар гэрлээ хумихад
Үнэгэн харанхуй үүрийн гэгээнд, хуурын хоёр чавхдас шиг далыг илж
Хун шувууд нуурандаа хоргодох эгшинд
Энгэрт наасан хацрын чинь дулаанаас
Эрхгүй гүн санаа алдахыг тань чагнаж дөрвөнтөө тайтгармуй
Үдэш гоо сул салхинаа биенийхээ үнэрийг үлдээх
Ертөнцийн сонгодог мутраар адислагч
Есөн сарын нам гүмхэн өдрүүдэд үзгээр минь өөрийгөө зурах гэж
Үзэмжит байгалийн уран ярууг тодорхойлох хурууны чинь хөдөлгөөнөөс
Сэрүүн зүүднийхээ асраас зуларч одсон үгсээ цуглуулж
Сормуус тань дэрэвхийг ажиглаж тавантаа тайтгармуй
Хуучны хэвлүүхэн дуртатгалаа өлгийдөж, гоёлын даашинздаа шингээгээд
Урь унасан хаврын цагаар голын цөн хагарахыг
Хайрлах сэтгэлийнхээ гүн ёроолтой харьцуулан бодох
Тэнгэр эсгэчсэн хүслийг чинь биширч
Тэргүүн юу гээ мэхийлгэн зургаантай тайтгармуй. Хайрын тийм нэг сонгодог, тансаг үдэшт саатсанаа дахин мэдрэв.
“Хайр”-ын энэ орон зайд О.Цэнд-Аюушийн өргөсөн шүлэг “Цастай уул” байлаа
Ууланд цас орж байна
Үүлс, уулс руу
Үүрд нурсаар л байна
Цастай тэр ууланд чи минь
Цангинатал дуулсан гэхээс
Намрын бүх навчис надтай хамт
Чам руу хийсье гэнэ ээ
Ууланд цас орж байна
Өндөр тэнгэр өвгөн уулсыг
Өвөл рүү өргөж байна
Жавартай тэр ууланд чи минь
Жаргаж байгаа болов уу гэхээс
Мөрөн голууд надтай хамт
Чам руу урсая гэнэ ээ
Ууланд цас бударч байна
Урагдсан бүх хайрын захидал
Уулсыг гуниглан хучиж байна
Даанчиг эртний тэр ууланд чи минь
Даарч байгаа болов уу гэхээс
Ой модод надтай хамт
Чам руу ургая гэнэ ээ
Ууланд цас лавсаж байна
Өдөржин үүлэнд шингэсэн гэрэл
Өвөлжихөөр уулс руу чичрэн унаж байна
Ижилгүй тэр сайхан ууланд чи минь
Инээж байгаа болов уу гэхээс
Мөнгөн лимбэ надтай хамт
Чам руу эгшиглэе гэнэ ээ
Уулсыг цас дарж байна
Дуугаа хураасан тэнгэр
Дуртай өнгөөр чинь уулсыг дахин бүтээж байна
Гоо үзэсгэлэнт тэр ууланд чи минь
Гомдож суугаа болов уу гэхээс
Он жилүүд намайг чам руу
Одоохон хүргээд өгье гэнэ ээ.
Түүний намдуухан дуу хоолойтой энэ шүлэг хачин сайхан тохирч, хайрын энэ орон зай улам яруу болсоор байв. Яруу найрагч Н.Минжинсайхан өчигдөр төрсөн өдөр нь тохиосон ханьдаа зориулж, “Мөрөөдлийн шүлэг”-ээ дуудав.
Сайхан чамайгаа амарч байхыг харах шиг
Сайхан мөч орчлонд үгүй юм аа
Салхивчаар шинэ өглөөний салхи алгуурхан урсаж
Санаа сэтгэлийг минь тааж ядах шиг гэзэг үсийг чинь гилнэ
Тэртээх зуны яг л ийм үүрээр
Тэнгэр ялимгүй бүүдгэр, борооны эхэн хоёр нэг дусагнаад
Өтгөн манан хот сууриныг алгуурхан нөмөрч ахуйд
Үлгэрийн юм шиг нэг л тунгалаг өглөө болж билээ
Амарч буй чинийхээ дүрийг ширтэн ширтэн суухдаа
Амгалан энэ өглөө шиг эгэлхэн амьдралыг би мөрөөдөж амжсан юм
Хүсэл минь төдхөнөө биелэх шиг, он цаг гэрэлтэн тодорч
Хөөрхөн хоёр үр энгэр өөд минь ассан юм
Гадаа одоо зөөлхөн бороотой, аясхан салхитай
Газрын элэг амарч, уулс зүүдээ манасан зурагтай
Элэг цагаан болжмор мөдхөн жиргэх аястай
Эхний дуунаар өвс цэцэг сэрж, зүүдээ сэгсрэх чимээтэй
амгалан өглөө айлсаж байна
Сайхан чинийхээ амарч байхыг хайрлан харж суухдаа
Маргаашийн амьдралаа ч бас эгэл даруухан байхыг мөрөөдөж байна
Хэн хэнээ хайрлах энэ л нандин сэтгэл харин
Хэмжиж эс болох эгэл бус байхыг мөрөөдөж байна аа хэмээн үзэгчдийн суудалд суугаа ханьдаа зориулан эгэл мэт өнгөрөх өдрүүдийн үнэ цэнийг, гоёхныг хэлээд өгөв. Хоёрдугаар үеийн сүүлийн яруу найрагч Ч.Ууганбаяр “Хамгийн нандин шүлгүүдээ бид та нарт хүргэж байна” хэмээгээд “Хайр гэж” шүлгээ толилуулав.
Хайр гэж ...
Өөрт байгаа ганц чихрээ
Үлгэрт итгэдэг хүүд өгөөд
Түүнийг дуусчих бий хэмээн
Эмээн эмээн долоох тэр амтыг
Хэчнээн нандин хэчнээн нандин болохыг
Өөрөө идсэн бол мэдэрч чадахгүй байснаа мэдэх
Хамгийн сайхан амт юм
Хайр гэж чихэр юм
Хайр гэж ...
Хайртайгаа хэлж чадалгүй явуулчихсан
Хүн бүхний нэр юм.
Хайр гэж ...
Нарны гэрэлд сормуусаа дүрж
Хөнгөн гунигаа хөл доороо жишэмчгүй гишгэж
Эрчүүлын зүрхэн дотор нисэж байгаа
Арван долоотой охидын жигүүр юм
Хайр гэж ...
Хол газар, хүний нутгаас
Хоёр биенээ мөрөөдөж
Хоног хугацааг тоолж биш төөлж байгаа
Хос залуусын амьсгалаа сонсох төдий их орон зай юм
Хайр гэж ...
Намрын ууланд урамдаж байгаа бугын
Наранд өргөж байгаа уртаас урт хүндэтгэл юм
Хайр гэж ...
Үүрнээсээ анхлан нисэж байгаа бяцхан ангаахайн
Ертөнцтэй танилцах өргөстэй ч хамгийн зөөлөн зам юм
Хайр гэж ...
Цардмал зам дээр бээрч байгаа гөлөгийг өвөртөлж алхаад
Түүний дулаацах илчинд нь өөрөө дулаацах агшин юм
Хайр гэж ...
Хамгийн их хайртай ч
Хамгийн бага хэлдэг үгийг
Хамгийн гүн мэдэрдэг
Хамгийн агуу аавын минь
Харцаараа алагдаж
Харцаараа аргаддаг
Хайрлахуйн ухаан юм
Хэчнээн хичээгээд ч аавынхаа энд хүрэхгүй
Хонгор үрийн чинь хүршгүй их оргил юм
Хайр гэж ...
Зурмал бурхны өмнө зулран суугаад
Бадаг шүлгийн мөрөөс илүү цээжилсэн тарни номоо
Баранзад хадаг байгаа бүхнээ өргөн бариад
Өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө залбиран суугаа
Жижигхээн эмгэний итгэл юм.
Хайр гэж ...
Цагын зүү урагш зүтгэсээр байхад
Түүнийг үл тоон тархи, зүрх хоёроосоо тас зөрж
Өнгөрсөн лүүгээ эргэн эргэн хорогдох
Хамгийн нандин дурсамж юм
Өнгөрсөнд бүх хүн байдаг юм
Хайр гэж ...
Бяцхан үр нь ДАДА шулганахад
Хамгийн сайхан үг сонссон юм шиг баярлах
Шинэхэн аавын нээлт юм
Хайр гэж ...
Бүсгүй хүн анхны үрээ амлуулахад
Биеэр нь дүүрэн хайр урсаж байдгийг мэдээд
Чихэнд нь сонсогдох бүүвэйн дууг үрдээ аялж өгөхдөө
Ээжийгээ өрөвдөн уйлах эх хүний ухаарал юм
Үрээс үрд аялагдах бүүвэй юм
Хайр гэж ...
Хайртайгаа хэлж чадалгүй явуулчихсан
Хүн бүхний нэр юм
Хайрын энэ хэсэг “Хайр гэж үүнийг л хэлэх байх даа” гэсэн бодол, эргэцүүлэлтэй, бас “One way” хамтлагийн дуучин Отгоогийн “Үзэсгэлэн гоо” дуутай хамт жаргав. Завсарлаад эргээд ирэхэд “Никитон”-ы Б.Батчулуун гавьяат “Үүлэн үст”-ийг нэг тийм энэлэнтэй эгшиглүүлж байв. “Үүлэн үст”-ийн үгийг О.Цэнд-Аюуш бичсэн бол өмнөх “Үзэсгэлэн гоо” дууны үг Ч.Ууганбаярынх гэнэ. ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга харин яруу найрагч Н.Минжинсайханы шүлгийг бичсэн “Давхар цагаан шугам” киноны дуу “Амьдрал чамдаа”-г хүргэсэн. Уригдсан дуучид ийм л учиртай байж.
Тоглолтын дараагийн хэсэг эхэлж, залуусын ганган хослол үндэсний дээл хувцсаар солигджээ. Энэ хэсэгт тэд, орчлонгоос эртээ буцчихсан суу билигт яруу найрагчдын үе үеийн төлөөллийг хүндэтгэн дурсав. “Сайхан энэ хүмүүс бүгдээрээ буцчихсан билүү дээ” гэх харуусал өөрийн эрхгүй төрж, үзэгчид үлдээсэн мөр бүрийг нь нулимстай сонсож, санасан сэтгэлээ тайлж тайтгарлаа. Яруу найрагч Ч.Ууганбаяр “Энэ хэсэг бол бидний өнөөдрийн тоглолтын санаа алдсан хэсэг. Бидний одоо дурсах гэж буй энэ хүмүүс байхгүй байсан бол бид энэ тайзнаа та нартай уулзахгүй байсан байх” хэмээсэн. Тэдний хамгийн эхний хүндэтгэл үзүүлсэн хүн Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн байлаа. Түүний “Ижийтэйгээ байхад би баян байсан” шүлгийг Д.Дамдинжав дуудав. Ер нь энэ үдшийн онцлох нэгэн зүйл хөгжмийн сонголт байлаа. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн хүүдээ зориулсан “Бүүвэйн дуу” хийл хөгжмөөр ийм тансаг сонсогдож, гитартай хоршин Б.Лхагвасүрэн гуайн шүлгийг хачин гоё болгоно гэж үнэхээр санаж явсангүй. Түүний дараагаар тэд Төрийн шагналт, яруу найрагч төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн тод төлөөлөл Л.Ганзул, сэтгэл зүрхний гэрэлт анд Г.Баяр нарыгаа хүндэтгэн дурслаа.
Тэд “Бидний таван залуу нар эзгүй нэгэн үдшийг нэг, нэг лаа барин гэрэлтүүлэх гэсэн юм” гэж тоглолтоо эхлүүлсэн. Залуус амласандаа, зорьсондоо хүрч ийм нэг яруу үдшийг бүтээж, найргаараа жаргаалаа. Яруу найргаа “өгөхдөө” аз жаргал, ухаарал, нулимс, догдлол, хайрыг хамт өглөө. Тэдний хүргэсэн шүлгүүд тархинд очиж нулимс болон зүрхэнд хүрч догдлол, ухаарал боллоо. Бас дараагийн улирлыг зорих үзэгчдээ ч гэсэн бэлтгэчихлээ.