
“Зөв Монгол хүүхэд хөтөлбөр- Хүүхэд бүрийн хөгжилд” эсээ бичвэрийн аянаар “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, бодит үр дүнг нэгтгэн дүгнэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ. Тэгвэл тус аяны хүрээнд нийт 1080 шилдэг эсээ шалгарснаас шилдгийн шилдэг 36 эсээг шалгаруулсан. Шилдэг илтгэлийн эзэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Х.Аззаяатай цөөн хором ярилцлаа.
-Х.Аззаяа хэзээнээс номонд ингэж дурлаж, унших болсон бэ?
-Би жоохон хүүхэд байхдаа л ном унших дуртай байсан. Заримдаа бүүр номоо дэрлээд өвөртлөөд унтсан байдаг.
-Номонд ийн дурлан, уншихад нь “Ном” хөтөлбөр их нөлөөлсөн болов уу?
-Тийм ээ. “Ном” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш би номыг бүр илүү унших болсон. Манай номын сан энэ хөтөлбөрийн ач тусаар маш их номтой болсон. Би сургуулийнхаа номын санд байгаа бүх номыг л унших зорилго өөртөө тавьсан байгаа.
-Танай суманд энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулдаг вэ?
-Манай сум “Би уншиж байгаа тул сэтгэж байна” уриан дор эсээ, зохион бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Мөн “Номтой Мөнххайрхан” гэдэг өдөрлөгийг зохион байгуулж, ном хандивлах аяныг өрнүүлдэг.
-Тэгвэл энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдүүд номонд илүү дурлаж, унших болжээ?
-Тийм шүү. “Ном” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ном уншдаг хүүхдүүд маш их нэмэгдсэн.
-Танай сургуулийн номын сангийн фонд хэр арвин бэ?
-“Ном” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш манай сургуулийн номын сангийн номын фонд нэмэгдсэн. Дэлхийн шилдэг уран зохиолын ном болон гадаад хэл дээрх номнуудаар номын сангийн фондоо нэмсэн.

-Х.АЗЗАЯАГИЙН "НОМ МИНИЙ АМЬДРАЛД" ЭСЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА-
Эхэндээ ном хөтөлбөрийн хүрээнд манай сургууль дээр Номч, Оюуны хөтөч зэрэг клубүүд байгуулагдсан боловч энэ нь миний чихэнд мэдээ төдийхнөөр сонсогдож өнгөрсөн юм. Төд удаагүй байтал энэ хөтөлбөр эх хэлний хичээлд нөлөөлж эхэллээ. Монгол хэлний багш маань суралцагчдадаа ном хөтөлбөрийн хүрээнд заавал уншиж чээжлэх ёстой арван шилдэг шүлэг, арван шилдэг зохиолын жагсаалтыг бичүүлж дараагаар нь шалган дүн гаргадаг боллоо. Шүлэг чээжлэх нь зохиол уншихаас харьцангуй амар болохоор бид ар араасаа цувран асуугдаж, харин арван зохиолынхоо хуудасны тоог хараад л пий, паа болцгооно. Энэ мэт хичээл үргэлжилсээр улирлын амралт дөхөхөд муу дүн авахгүй гэсэндээ сургуулийн номын сангаас “Тунгалаг тамир“ романыг авч уншлаа.
Монгол хэлний багш маань суралцагчдадаа ном хөтөлбөрийн хүрээнд заавал уншиж чээжлэх ёстой арван шилдэг шүлэг, арван шилдэг зохиолын жагсаалтыг бичүүлж дараагаар нь шалган дүн гаргадаг боллоо.
Үүгээр ч зогсохгүй арван жил сурахдаа ганц ч очиж үзээгүй номын үзэсгэлэнд анх удаа очиж дэлхийн сонгодог уран зохиолын номнууд, мөн өөрт хэрэгтэй амьдралд мэдлэг болохуйц олон номыг олж авсан нь өөрт гарсан томоохон өөрчлөлтүүдийн нэг байлаа. Уншсан номныхоо талаар найзууддаа ярьж өгч эхэлсэнээр ярианы чадвар маань ч чамгүй сайжирсан. Хичээлийн дэвтэр номоо хийгээд дүүрдэггүй байсан жижиг шүүгээ маань гурван тавцантай номын тавиур болтлоо өргөжиж өрөөний минь зүүн талын ханыг эрдмийн өглөгөөр гэрэлтүүлж эхэллээ. Энэ бүхэн миний амьдралд дан ганц” Ном” гэх ертөнцөөс олж авсан үл үгүйрэх оюуны баялаг минь билээ.
