Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)  Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран 2017 оноос хойш хийж байна.

Судалгааны үр дүнд Монгол Улсад ирвэсийн тоо толгой 806-1127  буюу дунджаар 953 бие гүйцсэн цоохор ирвэс байна гэж тогтоогдоод буй.

Мөн Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328,000 км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа аж. Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн хоёр дахь том популяц бүхий улс болж байна.

Цоохор ирвэсийн тухай

Цоохор ирвэс нь өөрийн эзэмшил нутгийг тогтоон амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаараа амьдардаг амьтан юм. Хоёр жилд нэг удаа 2-4 гүем төрүүлдэг боловч гүемүүд нь бүгд нас биед хүрэх нь ховор. Үхэл, хорогдол ихтэй.  Гүемүүд нь эхтэйгээ хамт 1,5-2 жилийн хугацаанд хамт амьдарсны эцэст өөр өөрсдийн эзэмшил нутгийг олохоор тухайн ууландаа, эсвэл уулс хооронд тэнүүчлэн явдаг. Ихэнх тохиолдолд эр ирвэсийн эзэмшил нутаг эм ирвэсийн эзэмшил нутгаас том байдаг аж. Эр ирвэсүүдийн эзэмшил нутаг давхцах нь ховор бөгөөд тогтсон хил хязгаартай байдаг байна. Ирвэсийн эзэмшил нутаг маш том буюу ойролцоогоор 100-400 км квадрат хэмжээтэй. Тиймээс цоохор ирвэсийн нягтшил харьцангуй бага байдаг бөгөөд тоо толгой нь ч мөн адил цөөн байдаг. Цоохор ирвэс нь өндөр уулын эко системийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь тэр уулын эко систем бүхэлдээ эрүүл саруул, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог. Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохицуулга алдагдаж, тухайн уул хэт талхлагддаг, хөрсний элэгдэл нэмэгдэх зэргээр унаган төрх нь алдагдаж, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсч байгаагийн дохио болно. Иймээс ирвэсийн амьдралыг сайн судалж, түүний оршихуйн зүй тогтлыг таньж мэдэх нь хамгааллын ажилд хэрэгтэй суурь мэдээлэл болж, өндөр уулын хувь заяаг урьдчилан төсөөлөх боломжийг олгох аж.