Монгол Улсын хөгжил дорой, монголчууд ядуу амьдарч байгааг бид эрх баригчидтай холбож, улстөрчдийг харааж зүхдэг. Гэтэл үнэндээ би яг ямар хүн билээ, нийгмийн харилцаанд оролцохдоо дүрэм журмыг баримталж, ёс зүй сахиж чаддаг бил үү гэж нэг удаа бодож үзсэн болов уу.

Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд жишээ нь, дэлгүүр орох, гудамж талбайгаар алхахад хүртэл ёс зүйгүй үйлдэл хийж байгаа хүн олон. Эндээс үүдээд монгол хүний ёс зүй ямар хэмжээнд байдаг юм бэ, ер нь Монголд хувь хүний ёс зүйг юу гэж ойлгодог юм бэ гэсэн асуулт тавиад хариулахыг оролдлоо.

Ёс зүй гэдэг ойлголт нь эртний Грекийн Ethos буюу хамтран амьдрах, оршин амьдрах газар гэдэг утгатайгаар илэрхийлэгддэг байсан бол хожим нь хөгжлийн явцад ёс заншил, сэтгэлгээний хэв маяг, хүн чанар гэсэн агуулгатай болж, тэдгээрийн шинж чанарыг илэрхийлэх болсон байна. Хүн чанар, зөв бурууг тунгаах нь хуульд заадаггүй, бид зөвхөн ухамсарлаж ойлгодог зүйл аж.

Монгол хэлний тайлбар тольд ёс зүй гэдэг ойлголтыг “Юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тодорхойлжээ.

Шуугианд шүүгч

Өнөөдөр монгол хүний шүтдэг хамгийн гол үзэл нь амиа хичээх болжээ. Амиа хичээх үзэлтэй хүнд ёс зүй байдаггүй. Саяхан манай улсад шатахууны хомсдол үүсч замын нэгдүгээр эгнээ тэр чигтээ түгжирч, иргэд олон цагаар зам дээр дарааллаж шатахуун авах болов. Энэ үеэр нийгэмд байдаг бүдүүлэг хүмүүс дараалал дайран шатахуун авч иргэд хоорондоо зөрчилдөж энэ нь цахим орчинд шүүмжлэл дагуулав. Зөвхөн энэ үйл явдал бус маш олон бүдүүлэг ёс зүйгүй хүмүүс бидний дунд байдаг. Хамгийн ойрын жишээ нь л гэхэд, гудамжинд алхаж байхад урд гаран шүлсээ хаях, мөн урдуур орж такси барих зэрэг үзэгдэлтэй бид өдөр тутамдаа тааралдсаар. Энэ байдлаар нийгэмд бие авч явж чадахгүй ёс зүйн ойлголтгүй хүмүүс их байх тусам шуугиан эмх замбараагүй байдал үүсэж тэднийг шүүдэг хүмүүс ч гарч ирдэг байна.

Ёс зүй нь нийгэм, хүмүүнлэгийн аль ч ухаанаас илүүтэйгээр нийгмийн амьдрал, хүний үйлдэл, үйл ажиллагаа, харилцаатай нягт холбогддог онцлогтой. Тэгвэл ёс суртахуун нь улс төрийн харилцаанд хүмүүнлэг ба хүмүүнлэг бус, эдийн засгийн харилцаанд шударга ба шударга бус, оюун санааны харилцаанд үнэнч ба үнэнч бус чанараар илрэн гардаг байна.

Ёс суртахуун ёс зүй нь хүмүүсийн зайлшгүй баримталж хэрэгжүүлэх зарчим, дагаж мөрдөх зүй зохистой хэм хэмжээ. Учир нь, бид нийгэмд хувь хүнээс олон нийт рүү шилжиж байхдаа нийгмийн хэм хэмжээг баримталж ёс суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн амьдрах хэрэгтэй юм.

Хүй нэгдлийн нийгмийн ёс суртахуун

Монголд өнөөдөр нийгмийн ёс суртахуун хүй нэгдлийн үеийнхээс ч дор байна. Хүй нэгдлийн нийгэм бий болох үеэсээ эхлэн оршин тогтнох бүх хугацаандаа өөртөө тохирсон ёс суртахуунтай байжээ. Хүй нэгдлийн нийгэмд ёс суртахуун нь овог, аймгийн нийгмийн харилцааг тусгаж түүнийг зохицуулдаг байжээ. Ёс суртахуун нэгэнт овог, аймгийн гишүүдийн харилцан эрх ашгийг тусган зохицуулж байсан учир хүний үйлдлийг дан ганц нэг бие хүнд бус харин овог аймагт хэр зэрэг ашиг тус хүргэснээр нь сайн ба муу, шударга ба шударга бус зэргээр ялгадаг байсан аж. Энэ үед хүмүүс хүнс тэжээлээ хамтаараа олж хэрэглэн, оршин байгаа заншил, уламжлалыг сахих нийгмийн санаа бодлын үндсэн дээр овог, аймагтаа харьцах үүргийг хамтаараа боловсруулдаг байжээ.

Нийгмийн ард хувь хүн л оршиж байдаг

Тухайн улс орны хөгжил дэвшлийн эх үүсвэр нь ёс зүй юм. Нийгмийг ярихын тулд хувь хүнийг бас ярих учиртай. Тухайлбал, нийгэм дотор би гэж боддог хүмүүст бусдын эрх ашиг огтоос хамаагүй байдаг. Би гэж харвал өөрийгөө л хардаг бол бид гэж харж чадвал ертөнцийг харна гэдэг билээ. Нийгмийн ард хувь хүн байдаг ба тухайн хүн ёс суртахууныг өөртөө шингээж чадсанаар нийгмийг ч эрүүл болгож чадах хүчтэй. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэж Монгол ардын зүйр үг байдаг. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг хэлдэг. Нийгэмд төдий чинээ ёс суртахуун ноёрхоно түүгээрээ эрүүл эерэг нийгэм бий болно гэдгийг бид мэдэх нь чухал.

Нэгэн жишээ дурдвал, Япон улс байгалийн нөөц баялаг ихтэй биш ч хамгийн өндөр ёс суртахуунтай ард түмэн учир нь бага наснаасаа эхлэн тэдэнд заадаг ойлголтоос үүдэлтэй юм. Япон улсын Гаман гэдэг үг нь “Тэсвэр тэвчээргүй мэт санагдах тэвчээр, нэр төрийг тэвчих” гэсэн утгатай. Энэ нь та ямар ч бэрхшээлийг туулж байсан хамаагүй нүүрэндээ инээмсэглэж, бухимдлаа харуулах ёсгүй гэсэн үг юм. Ажлын хүрээнд хэчнээн их хөдөлмөрлөх, ядарч туйлдах нь хамаагүй, та инээмсэглэн тэвчиж, хийх хэрэгтэй гэсэн үг аж. Тэд эхлээд бусдыг хүндэлж байж дараа нь өөрийгөө хүндлүүлнэ гэсэн үзэлтэй, ёс зүйтэй ард түмэн гэгддэг.

Өнөөдөр хуулиар шийдэгддэггүй зүйлийг ёс суртахуунаар ухамсарлаж шийддэг байх хэрэгтэй. Буруу зөвийг ялган дүгнэж уучлал гуйж нийгмийн хэм хэмжээнд тааруулан амьдрах бус нийгэмд ёс зүйн хэм хэмжээг өндөрт байлгаж эрүүл тогтолцоо эрүүл нийгэм бий болно. Олон нийтийн эрх ашиг хээл хахууль үймээн шуугиан ердөө л ёс зүй ёс суртахууны доголдол юм.

Тухайлбал үйлдлийн үр дүн нь өөрөө ёс суртахуунтай байж хүн сэтгэл ханамжтай тайван байдаг аж. Үг хэлэхдээ “Бид” гэдэг хэрнээ үйлдэл дээрээ “Би” болчихдог энэ үзэл л нийгмийг ялзруулж байна.