Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А амин дэмээр зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэгүй вакцинжуулдаг. Уг витаминыг жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард уулгадаг бөгөөд өндөр тунтай аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А витаминыг хангадаг аж. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг.
Харин зургаан сараас хойш хөхний сүүнд дэх А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгөх шаардлагатай байдаг аж. Уг витамин нь хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа, харааны үйл ажиллагааг сайжруулдаг. Зургаан сараас таван нас хүртэлх хүүхдийг улаанбурханы хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга нь А амин дэмээр хангах, вакцинжуулалтад хамрагдах явдал юм.