Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн.

2021 оны кино наадмын хөтөлбөрт

  1. Нээлтийн киноны уралдаан
  2. Монгол киноны уралдаант хэсэг
  3. Онцлох Орон ОХУ-ын үзвэр
  4. Олон улсын кино үзвэр ба “Үзэхийн хязгаар”
  5. Ази киноны үзвэр хэсгүүд багтжээ.

Наадмын хүрээнд 2020-2021 онд бүтээгдсэн Монгол, Орос, Франц, Герман, Иран, Малайз, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 12 улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг бэхжүүлэх сургалтыг тус тус зохион байгуулах юм байна.