Аравдугаар сарын 15-нд Зайсан Хилл цогцолборт болсон "Камертон" хамтлаг тоглолтын үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан тухай цахим орчинд хүчтэй шүүмжлэл өрнөж буй. Нийслэлийн зүгээс Зайсан Хилл цогцолбор уг тоглолтыг зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулаагүй болохыг мэдэгдсэн бол цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зайсан Хилл цогцолбор нь түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдэгдлээ. Тухайлбал, наймдугаар сарын 03-наас хойш гурван удаа зөрчлийн хэрэг бүртгэгдсэний дээр Улаанбаатар хотын ЗАА-тай хариуцлагын гэрээ байгуулаагүй ажээ.

Иймд тус цогцолборын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, шүүхэд өгөхөөр болжээ. Мөн хариуцлагын гэрээ байгуулаагүй хотын Ерөнхий менежер болон нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага тооцно гэдгээ хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ.