Налгар намар шувтарч, жавар тачигнахтай зэрэгцэн нийслэлийнхэн гал алдаж эхэллээ. Учир нь нүүрсний нийлүүлэлт хангалтгүй, борлуулалт хязгаарлагдмал байгаа тул өнгөрсөн шөнө ихэнх өрх жиндүүхэн хоносон байна.

“Тавантолгой түлш" ХХК  өчигдрөөс /2021.09.27/ эхлэн борлуулалтын 40 цэгээр шахмал түлш борлуулж эхэлсэн аж. Ийнхүү анхны цас орохтой зэрэгцэн шахмал түлшээ худалдаалж буй ч борлуулалтын цэг хангалтгүй байгаа юм. Тиймээс иргэд зургаан шуудай нүүрс авахын тулд багагүй хугацаанд дугаарлаж, шаггүй хүч зарцуулж байна.

Түүнчлэн нэг цэгт өдөрт 10 тонн буюу 400 шуудай шахмал түлш л нийлүүлж буй аж. Ингэхдээ өглөө таван тонн, орой таван тонн олгож байгаа талаар борлуулалтын мэргэжилтэн онцолж байлаа. Таван тонн нь 200 шуудай түлш бөгөөд нэг өрх  зургаан шуудай түлш авахад 33 айлын хэрэгцээг л хангаж байгаа юм.

Тиймээс нүүрс буусан дариудаа дуусаж байгаа бөгөөд иргэд түлш ирэхийг хүлээж хагас өдрийн ажлаа барж байгаа талаар  "Тавантолгой” түлш компанийн албан ёсны гэрээт цэгийн борлуулагч мэдээлсэн юм. Тэрээр “Нүүрс ирсэн даруйдаа л дуусаж байна. Нэг ирэхдээ таван тонн ирж байна. Тэрийг нь 30 гаран хүн зургаа, зургаагаар аваад л дуусчихдаг. Зарим иргэний карт нь бүртгэлжээгүй байна. Картаа бүртгүүлчихээд түлшээ авах гээд ирэхэд дуусчихсан байдаг. Цөөхөн цэг ажиллаж байгаа юм чинь түлшийг нь хангалттай олгомоор байна. Би өглөө 07.00 цагт нээсэн. Одоо цаг 12 болж байхад түлш ирээгүй л байна. Хүмүүс түлш авахын тулд ажлаасаа чөлөө аваад л дугаарлаж байна шүү дээ. Нялх хүүхдээ дагуулж ирээд, түлш буухыг хүлээж байгаа хүн ч олон байна. Тайван амьдрах арга алга. Хүүхдээ дагуулаад, өндөр настай хүн тэрэг түрээд ирэхэд хоосон буцаадаггүй л баймаар байна. Би өөрөө ч түлэх түлшгүй мод түлж байгаа. Мод ч байхгүй хувцас, хунараа түлж, аргацааж байгаа айл олон бий шүү дээ. Иргэд гэртээ дулаахан байх ч эрхгүй амьдарч байна. Өглөөнөөс хойш над руу маш их дуудлага ирлээ. Мөнгийг нь нэмээд авья гэж холбогдож байгаа хүн ч олон байна” гэсэн юм.

Дээрх цэгээс гадна тухайн орчимд буй хоёр, гурван цэгийн алинд ч шахмал түлш байсангүй. Мөн борлуулагчид түлш хангалтгүй бууж байгаа талаар ижилхэн зовлон тоочиж байлаа.

Хоосон тэрэг түрж, хэд хэдэн цэг дамжин нүүрс хайсан иргэд бухимдалтай байх бөгөөд асуудлаа учирлаж, арга мухардаж буйгаа тайлбарлаж байлаа.

Чингэлтэй дүүргийн иргэн С.Сэржмядаг “Дарга нар өөрсдөө дулаан байшинд суучихаад иргэдийг ингэж чирэгдүүлж болохгүй шүү дээ. Хоёр ч нүүрс борлуулах цэгээр орлоо. Дуусчихсан гээд халгаасангүй. Гялгар захын хажууд байгаа цэгт нүүрс ирсэн даруйдаа л дуусчихлаа. Мань шиг өндөр настай, хөл гар муутай хүн түлш олоход үнэндээ бэрх байна. Хүмүүс зодоо, нүдээ ч хийж байна. Өчигдөр ирсэн нүүрснээс авч чадаагүй. Шөнө хүүхдүүд хөлдөх дөхсөн. Ядаж энэ сарын 15-наас түлшээ борлуулаад эхэлж болно шүү дээ. Цас унахтай зэрэгцээд зарж байгаа нь чирэгдэл учруулж байна. Байг гэхэд, түлш борлуулах цэгээ нэмээд, хангалттай олгож болдоггүй юм байхдаа” гэв.

Чингэлтэй дүүргийн нэгэн иргэн бидэнд мөн мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Нэг өрх долоо хоногт зургаан нүүрс л авах эрхтэй. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Байшинтай айлууд жиндүүхэн л өвөлжиж байна. Одоо бүр зургаа нь ч олдохоо болилоо. Өчигдөр түлшгүй өнжсөн. Түүнээс гадна нүүрсний карт авах гэж багагүй ажил болдог. Хаан банкны дансанд нь 3000 төгрөг тушаана. Дараа нь иргэний үнэмлэхээ хоёр хувь хувилуулаад өгөх шаардлагатай. Мөн нүүрсний карт авахын тулд 28000 төгрөгөөр угаар мэдрэгч худалдаж аваад, байршуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. 28000 мянган төгрөггүй бол хөдлөөд үх гэж хандаж байна. Дээрээс нь өөр хүний картаар нүүрс олгодоггүй. Заавал иргэний үнэмлэхтэйгээ ирээд зургаан шуудай нүүрсээ авдаг” гэсэн юм.