Тэнгэр өндөрсөж уулын орой алтран шаргалтаж  намрын нартай бороотой өдрүүд ээлжилнэ. Зунжин жарган саатсан нуураа гурвантаа тойрчихоод зэл татуулан нисэх сүүлчийн шувуудын ганганаан санаа алдах тоолонд минь л нэг нэгээрээ тасран унах мэт санагдах навчнууд сэтгэлд хөнгөн гуниг төрүүлнэ.

Урд минь дүнсийх их уулсын өнгө алтлаг шар шаргал бор шаргал улаан улаан хүрэн гээд  сэтгэлд дулаахан таатайхан өнгөөр солигджээ.

Ургаж цэцэглэсэн бүхэн үр жимс тариа будаа өгч болох бүхнээ ханатал нь өгөөд нялх үрээ цатгачихаад хайрлан харах шиг уртаас урт уужим амьсгаа авч тайвширсан мэт өгөөж баян намар цаг.

Намар минь чи яг л энэ өнгөнүүд шигээ олон дурсамж учрал тохиол. баяр хөөр, уй гуниг бас ухааралыг өгнө.

Хавар амьтай бүхэн цэцэглэн нахиалж, ургаж, дэлбээлэхэд хүн бүрийн нүдний баясал авчирдаг бол намар чи хүмүүний гэдсийг ч сэтгэл зүрхийг цатгана. Яасан өгөөмөр юм бэ.

Мөчрөөсөө хоргодох мэт нэг нэгээрээ зүүгдэн зүүгдэн тасарч байснаа нэг л өглөө  салхинд эргэлдэж сүүлчийн вальс эргэх мэт алгуурхан унах нь навчис сайхаан.

Яг л навчсаар бороо орох мэт. тэнгэр өөд нүүрээ харуулж алгаан тосоод  зөөлөн навчсаар илбүүлмээр үнсүүлмээр... зогсоод л баймаар

Навч минь би чиний гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү?

Намрын бороонд хамтдаа даарч хонох

Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч

Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод

Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье

Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж

Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч

-------------

Унасан навчсыг шаржигнуулан хүмүүс дээр нь гишгэлэн өнгөрнө.  Яг л зүрхэн дээгүүр минь туучих шиг өр өвддаг байлаа. Газарт унахын өмнө бүжиглэх мэт эргэлдэх навч минь би чамайг харин энэ удаад өрөвдмөөргүй байна.

Бүх навч эцэст нь эх дэлхийнхээ хөрсөн дээрээ цэцэг  дэвсэх мэт бүрхэж, навчис чи сүүлдээ цэцэгс болно. Нисэж үзэхсэн гэсэн мөрөөдлөө мөчрөөсөө тасраад газарт очих тэр мөчид навч минь чи биелүүллээ дээ гэж гэгээхнээр бодмоор байна.

Хорвоо дэлхий хачин дулаахан шаргалхан өнгөөр солигдсон намрын энэ өдөр найз минь мөнгөн хуримын урилгыг өвөрлөн хөнгөн гуниг баяр хөөрийн алийг гэж хэлэмгүй бодол  хөврүүлэн алхаж явна.

Айраг найрын отгон энэ өдөр багын хоёр найз минь амьдралын чухаг нэгэн өдөр тохиож байна. Цаг хугацаа гэж ёстой л түргэн урсгалтай уулын горхи адил урсан оджээ. Сэтгэл зөөлрөөд л, уярамтгай, уйламтгай болоод л, юм бүхнийг хайрламаар болчих юм... Намар ирснийх үү... Найранд ирчихээд уйлж суугаа хүн шиг намар аа гэж

Он цаг бидний ширээн дээрх  асаалттай лааны тос шиг хурднаар урсаж байгаа ч гэсэн нас насны наран жаргах яагаа ч үгүй амьдралд минь ч санчиганд минь ч  дөнгөж л мөнгөн сор суусан.

Залуу нас л дуусаж ухаан тэгшлэх зогсоолдоо бид ирээд амьдралын шинэ хуудсаа л дөнгөж шинээр эхлүүлж байна, амрагхан хоёр найздаа ерөөл бүхний дээдийг хүсье.

Ай ухаарлын Намар аа

Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис унаж байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлаг намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудыг дагаж

Зэллэсэн бүхэн эргэж ирнэ

Намрын навч шиг надаас хийссэн

Залуу нас минь л эргэж ирэхгүй