Харилцааны ур чадвараа сайжруулах 7 дасгалыг тогтмол хийж заншвал та илүү хүчирхэг удирдагч болж чадна.
Харахад мэдлэгтэй, хийж буй ажилдаа зүтгэлтэй боловч компанийхаа ашиг орлогыг нэмэгдүүлж чаддаггүй, танилын хүрээ жижигхэн, өөрийгөө бусдад хангалттай сайн ойлгуулж чадахгүйн улмаас амжилтанд хүрдэггүй хүмүүс маш олон. Тэд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж сураагүйн улмаас албан тушаал дэвшдэггүй, бахь байрандаа л байдаг нь үнэн. Тэгвэл та өөрийн харилцааны ур чадвараа сайжруулж, амьдрал дээр болон бизнесийн ертөнцөд илүү чадварлаг удирдагч, манлайлагч болоход тань туслах 7 дасгалыг хуваалцъя.
1. Сайн сонсогч байж сур Ихэнх хүмүүс ихэвчлэн ойлгох гэж сонсдоггүй, зөвхөн яаж хариулах, юу гэж гал унтраах вэ гэсэн байдлаар сонсдог. Та ямар нэгэн зорилго тээлгүйгээр зүгээр л нөгөө хүнээ сайн төвлөрч сонсоорой. Тантай ярилцаж буй хүний биеийн хэлэмж, хөдөлгөөн, дууны өнгө, хэлж буй санаа зэргийг анхаарч сонсох нь хамгийн чухал. Хүн сонсож сурна гэдэг өөрөө харилцааны өндөр ур чадвар билээ. Зарим удирдлагууд хүний үгийг бүтэн сонсолгүй, дундаас нь тасалж, өөрийн санал бодлыг тулгах нь элбэг.
2. Оновчтой асуултууд асуу Асуулт асуухаас зайлсхийж, нэрэлхүү зандаа хөтлөгдсөн үеүүд бий юу? Магадгүй та буруу асуулт асуухаас, аль эсвэл нөгөө хүн, хүмүүстээ тэнэг харагдах вий хэмээн айдгаас болсон байх магадлалтай. Гэвч та асуулт асуухгүй л бол нөхцөл байдлын гүнд орох боломжгүй. Тийм учраас дараачийн удаа заавал асуулт асуу. Асуулт асууж, харилцаа үүсэх тусам таны асуулт илүү чамбайрч, оновчтой болно.
3. Таныг сонсож буй хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Та хэнтэй уулзах гэж байгаа, аль эсвэл ямар орчинд үг хэлэх гэж буйгаа урьдчилан олж мэдэх нь чухал. Үзэгч, сонсогч нартай илүү холбогдож тэдгээр хүмүүст яавал илүү үнэ цэнтэй байхыг тандах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс танаас юу сурах гэж, ямар зүйл сонсох гэж очсоныг мэдэхийг хичээ.
4. Биеийн хэлэмжийг сонс Судлаачдын үзэж буйгаар дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, хэлэмж нь маш их зүйлийг хэлж байдаг. Жишээ нь: нөгөө хүн гараа солбиж барих, өөр тийшээ харах, танаас өөр зүгт бие, хөлөө харуулж суух зэрэг нь анхаарлаа хандуулахгүй байгаагийн илэрхийлэл юм. Мөн эсэргүүцэж буй, санал нийлэхгүй байгаагийн шинж ч байж болно. Эсрэгээр тантай нүдээрээ харилцаж, үе үе инээмсэглэж байгаа хүнийг үргэлжлүүлээд сонсоод байх, анхаарлаа хандуулах дуртай байдгийг судалгаа нотолжээ. Тийм учраас та хүмүүстэй харилцах үедээ үе үе нүд рүү нь харж, инээмсэглэж байвал маш үр дүнтэй.
5. Эхлэл болон төгсгөлийг хүчтэй байлга Та бусадтай харилцаж, олон хүний өмнө үг хэлэхдээ эхлэл болон төгсгөлийг л хүмүүс санаж байдгийг мартуузай. Нэг хүнтэй ярилцах, аль эсвэл олон хүний өмнө илтгэл тавих үед та яаж эхлүүлсэн, мөн хэрхэн дуусгаж байгаа чинь л нөгөө хүмүүст дурсамж болон үлдэнэ. Тийм болохоор та үгээ эхлэхдээ юмуу төгсгөхдөө асуулт, эшлэл, холбоотой бяцхан түүх зэргийг ашиглаарай.
6. Тооцоолол хамгийн чухал Чадварлаг удирдагчид нь өөрсдийн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, зөн совин зэргийг ашиглан сонсож буй хүмүүсээ мэдэрч байдаг. Асуулт асууж, жишээ ашиглаж, бяцхан түүх хуваалцах зэргээр санаагаа товойлгож, зарим тохиолдолд дараачийн хэсэг рүү гялс шилжих зэрэг нь тооцооллын чадвар юм.
7. Хөгжилдөж сур Битгий уйтгартай байгаарай. Судалгааны дүнгээс үзэхэд инээд хөөр, хошин мэдрэмж зэрэг нь суралцах процессыг илүү үр дүнтэй болгож, нөхцөл байдлыг зөөллөж, сандралыг бууруулж, илүү таатай дурсамж үлдээдэг байна. Үзэгч, сонсогчдоо сайн мэдэрч, хаа нэг хөгжилтэй жишээ татан ярих нь уур амьсгалыг сайжруулж өгдөг.
Дүгнэлт: Та харилцааны ур чадвараа сайжруулж байж л, амьдрал болон ажлын талбарт удирдагч, манлайлагч болж хувирна. Та мянга мэдлэгтэй байгаад ч, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, бусдыг сонсож сураагүй, орчноо мэдэрч дадаагүй бол амжилтанд хүрдэггүй. Харилцаа гэдэг их энгийн зүйл мэт сонсогдовч, таныг хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй ур чадвар юм шүү. Ажиллангаа суралцдаг, суралцсаар л байдаг чадвар гэж болно.
Д.Жаргалсайхан /Communications мэргэжилтэн, Zangia академийн багш/