
Тайландын цагдаа АНУ-ын иргэдийг нийт 10 сая ам.доллараар хохироосон хайр дурлалын залилангийн хэрэгт буруутгагдаж буй Индонезийн иргэнийг баривчилж, АНУ-д шилжүүлэн өгөхөөр болжээ.
33 настай сэжигтнийг Пхукет арал дахь тансаг амралтын газраас баасан гарагт баривчилсан гэж орон нутгийн хэвлэл болон Agence France-Presse мэдээлсэн байна.
Баривчилгааг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны өгсөн мэдээллийн дагуу явуулжээ. Тайландын Цагаачлалын цагдаагийн төлөөлөгч Сурия Поунгсомбат “Сэжигтэн америк иргэдээс ойролцоогоор 10 сая ам.долларын залилан хийсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан” гэж мэдэгдсэн байна.
Мөн сэжигтэн Дубай хотоос лхагва гарагт Тайланд руу ирсэн гэж мэдээлжээ. Баривчилсны дараа түүнийг нийслэл Бангкок дахь цагаачлалын саатуулах төвд хүргэн АНУ-д шилжүүлэхийг хүлээж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Азийн бүс нутаг кибер залилангийн төв болж, зохион байгуулалттай гэмт бүлгүүд казино, зочид буудал, хамгаалалттай цогцолборуудыг ашиглан цахим луйвар үйлдэх болжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр 2022–2026 оны хооронд сэжигтэн болзооны аппликейшн болон сошиал сүлжээгээр дамжуулан хохирогчидтой холбогдож, загвар өмсөгчдийг ашиглан итгэл олж, улмаар хуурамч хөрөнгө оруулалтын платформд мөнгө оруулахыг ятгадаг байсан аж.
2025 оны НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайланд дурдсанаар гадаад ажилчдыг Зүүн Өмнөд Азид залилангийн ажилд татан оролцуулж байгаа бөгөөд Дубай хот энэ төрлийн гэмт хэрэгт холбоотой “дэлхийн төв” болж хувирч болзошгүйг анхааруулжээ.