
Азийн паралимпын хорооноос Япон улсын Нагоя хотод Азийн зуны пара спортын V наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ наадамд 45 орны баг тамирчид оролцсоноос Монгол Улсын баг 10 медальтайгаар 14-р байр эзэлж, хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Манай паралимпын хорооны шигшээ багаас тамирчдаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ болон Л.Туруунаа нар Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
"Айчи-Нагоя 2026" наадамд Монгол Улсын 44 тамирчин, 18 дасгалжуулагч спортын 10 төрөлд оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртсэн нь өмнөх наадмуудын амжилтыг ахиулж, тивдээ эхний 15-д жагслаа.
Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн анхны тамирчин тодорлоо
Пауэрлифтингийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн. Тэрээр сүүлийн оролдлогоор 246 кг-ыг амжилттай өргөж, жиндээ түрүүлсэн юм. Э.Содномпилжээгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох дэлхийн рекордыг эзэмшигч Ираны тамирчин Альакбар 245 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртсэн юм.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Азийн гурван наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль (“Жакарта-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө, “Нагоя 2026”-гаас алт) хүртсэн анхны тамирчин боллоо.
Хөнгөн атлетикийн төрөлд Азийн пара наадмын медальтнууд тодорлоо
Монгол Улсын багийн амжилт пара хөнгөн атлетикийн төрлөөр үргэлжилж, хоёр тамирчин медалийн тавцанд зогслоо. Уг наадмын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр гавьяат дасгалжуулагч Д.Махашири дасгалжуулагчийн удирдлага дор оролцож, 18 насандаа Азийн пара наадмын медальтан болсон. Тэгвэл энэ амжилтыг наадмын сүүлийн өдөр зээрэнцэг шидэлтийн F55 ангилалд Ц.Доржзодов давтсан. Тэрээр 36.99 метр шидсэнээр анхны Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Мөн энэ наадамд медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн олон тамирчин гарлаа. Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн F40 ангилалд Д.Саруултөгс 4-р байр, Б.Амгаланзаяа 5-р байрт орж, медалийн оосроос атгаад алдсан юм. Эдгээр тамирчдаас гадна бөөрөнцөг түлхэлтээр Т.Мядагмаа шигшээ шатанд шалгарч мөн тавдугаар байрын эзэн болсон. Пара хөнгөн атлетикийн баг тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр Шри-Ланк, АНЭУ, Кувейт, Казахстаны араас 16-р байрт жагслаа. 27 орны тамирчид ямар нэгэн медальтай буцжээ.

Пара байт харвааны дэлхийн аварга Д.Сэлэнгээ хос медальтан боллоо
Монголын пара байт харвааны дөрвөн тамирчин дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор оролцож, нэг мөнгө, нэг хүрэл медалийг хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд пара байт харвааны багийн дэлхийн аварга Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар, “Рио-2016” Паралимпын наадмын 4-р байрын эзэн, багийн дэлхийн аварга Б.Оюун-Эрдэнэ болон П.Мөнхбаатар нар багтсан. Манай харваачид рекурв 70 метрийн зайд хувийн болон багийн харваанд өндөр амжилтыг үзүүллээ. Багийн харваанд эмэгтэй баг хүрэл медалийн төлөө Ираны багийг хожиж, Азийн пара наадмын эхний медалиа авсан юм. Багийн харваанд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар багтсан. Харин хувийн харваанд Д.Сэлэнгээ Иран, Энэтхэг, Индонезийн харваачдыг ялж, мөнгөн медалийн болзол хангасан. Улмаар алтан медалийн төлөөх харваанд БНХАУ-ын харваач Гао Зы Ханьд ялагдсан юм. Гэвч энэ наадмаас Д.Сэлэнгээ мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Монголын пара байт харваачид Индонез, Иран, Казахстаны араас 8-р байрт орсон юм. Азийн 45 орноос БНХАУ, Энэтхэг, БНСУ харваачид онцгой байж, эхний гурван байрт орлоо. Мөн энэ наадмаас есөн орны харваачид ямар нэгэн медальтай буцсан байна.
Монголын пара жүдочид багийн дүнгээр 6-р байрт шалгарлаа
Азийн пара наадмыг жүдо бөхийн төрөл өндөрлөж, Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр багийн дүнгээр 6-р байрт жагслаа. Казахстаны пара жүдо бөхийн баг таван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль, нийт 13 медальтайгаар тэргүүлсэн бол Узбекистан, БНХАУ-ын баг 3-4 алтан медальтай удаалав. Энэ наадмаас Япон, Иран, Монгол, Киргизстаны баг нэг алтан медаль хүртсэн бол БНСУ, Индонез, Энэтхэг, Тажикистаны багууд нэг мөнгөн медальтай 8-11-р байрт жагслаа. Харин Тайваний баг нэг хүрэл медаль хүртсэнээр медаль хүртсэн орны тоонд багтсан юм.
Монголын пара жүдо бөхийн ахлах дасгалжуулагч А.Мөнхбатын удирдлага дор оролцсон жүдочдоос эмэгтэйчүүдийн J1-70 кг-ын жинд Л.Туруунаа Японы жүдоч Нишимура Ацүмиг финалын барилдаанд ялж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-ын жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. Тэрээр энэ наадмын Монголын багийн анхны мөнгөн медалийн эзэн болсон юм.
Пара жүдо бөхийн тэмцээн өндөрлөж, Монголын баг алт, мөнгөн медальтайгаар 6-р байрт жагслаа.
“Парис-2024” Паралимпын аваргууд Нагояд өнгөлөв
Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин оролцсоноос гурав нь медальд хүрэв. Тэр дундаа “Парис-2024” Паралимпын медальтнууд Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Монголын пара таеквондогийн багаас “Парис 2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, “Парис 2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн. Мөн Х.Темирбек хүрэл медаль хүртэж, Азийн паралимпын медальтан болсон юм.
Ираны шигшээ баг дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол БНХАУ, Монголын баг удаалав. Манай таеквондогийн баг энэ удаагийн наадамд тивдээ гуравдугаар байрт шалгарлаа. Энэ төрөлд Узбекистан, Тайванийн баг нэг аваргатай болсон бол БНСУ, Тайланд, Японы баг нэг мөнгөн медальтайгаар 5-8-р байрт оржээ. Харин Иракын баг нэг хүрэл медальтай хүснэгтэд багтсан байна.
Монгол Улсын баг 10 медальтайгаар жагсаалтын 14-р байрт бичигдлээ
Азийн пара наадмыг БНХАУ-ын баг 207 алт, 117 мөнгө, 111 хүрэл, нийт 435 медальтайгаар тэргүүлсэн бол наадмыг зохион байгуулагч Японы баг 64 алт, 60 мөнгө, 62 хүрэл, нийт 186 медальтай удааллаа. Узбекистаны баг 47 алттай болсон бол Энэтхэг 30, БНСУ 29, Иран 26, Тайланд 19, Индонез 15, Казахстан 12 алтан медальтайгаар эхний есд жагсжээ. Монгол Улсын баг дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 14-р байрт орж, Азийн пара наадамд хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн юм. Энэ наадмаас Вьетнам, Кувейт, Кыргизстаны баг нэг алтан медаль хүртсэн бол Камбож, Оманы баг нэг хүрэл медальтай наадмыг өндөрлүүлсэн байна. 33 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Монголын паралимпын хорооны баг тамирчид 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон анхны наадамд хоёр мөнгө, таван хүрэл медальтайгаар 24-р байрт орж байжээ. Тэгвэл энэ наадмаас хойш “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медальтайгаар 17-р байр, “Жакарта-2018” наадмаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай 25-р байр, “Ханжоу 2022” наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 21-р байрыг эзэлж байв. Энэ амжилтыг “Айчи-Нагоя” наадамд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медалиар ахиулж чадлаа.
Монголын пара баг тамирчдыг ирэх онд “Лос-Анжелес 2028” Паралимпын XVIII наадмын эрхийн тэмцээнүүд хүлээж байна.


