“Их спортоос залуудаа явахаар шийдлээ. Баярлалаа. Дахиж уулзана аа”. 27-хон настайдаа гэв гэнэт зодог тайлах шийдвэр гаргаад буй UFC-гийн супер од, өнөө цагийн хамгийн алартай тулаанчдын нэг Конор Макгрегорын энэ жиргээ хөгжөөн дэмжигч, спорт сонирхогчдыг жинхэнэ шоконд оруулж “Үнэн үү” хэмээн бие биенээсээ асуухад хүргээд байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Н.Диазт ялагдсан тэрээр даагаа нэхэх тулаанаа хоёрхон сарын дараа хийхээр товлоод байсан. Гэтэл гэв гэнэт ийм юм болж, бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. Үүнтэй зэрэгцэн хэзээ ч ялагдахгүй мэт сэтгэж, босоо явсан Конорт хожигдол гэж юу байдгийг мэдрүүлсэн Н.Диаз түүний энэ мэдэгдлийн хариуд “Энд миний хийх ажил дууссан бололтой. Би ч гэсэн явлаа” хэмээн твиттер хаягтаа жиргэж, гал дээр тос нэмлээ.

Энэ талаар хүн бүр л өөр өөрийн таамгаа дэвшүүлж суугаа нь дамжиггүй. Харин энэ талаар UFC-гийн алдарт тамирчин А.Оверим “UFC 200” тэмцээнээс өмнө эргэн ирж буйгаа сүр дуулиантай зарлана” хэмээгээд биднээр дамшиглаж байна гэж үзсэн.

Харин холимог тулааны талаар бичдэг хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг Ариэль Хэльвани “Найдвартай эх сурвалжийн хэлж буйгаар Конор тоглож, наргиагүй. Гэхдээ яагаад ийм шийдвэр гаргаж байгааг тодорхойлж хэлэх боломж алга” гэжээ.

Ийнхүү К.Макгрегор зодог тайлж буйгаа зарлаж, Н.Диазтай хийх гэж байсан тулаан нь албан ёсоор цуцлагдлаа. Н.Диазт дахиж ялагдахаас айсан уу, UFC-гийн ерөнхийлөгч Дэйн Уайттай ам мурийсан уу зэрэг хариулт нь үл олдох оньсого мэт олон асуулт, эргэлзээ дагуулсаар биднийг орхилоо.  Олон жилийн турш зүтгэсний эцэст арайхийн бий болгож, бүтээсэн бүхнээ нэг өдөр гэв гэнэт орхино гэдэг амаргүй нь мэдээж. Одоо хэн хүнээс илүү түүнд хамгийн хэцүү байгаа нь дамжиггүй.  Амьдралд тавтай морил, Конор Макгрегор.