УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяатай ярилцлаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрөөхийн гол ач холбогдол юу вэ?
Энэ өдрийг бид мартаж болохгүй. Залуус өнгөрсөн түүхээс сургамж авч, үүнийг сайн мэддэг байх ёстой. Мөн ирээдүйд ахин ийм зүйл давтагдахгүй байхад залуучуудын хувь нэмэр их. Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ч энэ тал дээр анхаарч, зөвхөн хэлмэгдэгчдийг цагаатгаад зогсохгүй, ирээдүй хойчоо соён гэгээрүүлэхэд анхаарч ажилладаг.
37 мянга гаруй хүн хэлмэгдсэн харамсалтай тоо байдаг. Энэ хүмүүсээс хэдийг нь цагаатгасан байна вэ?
Өнөөдрийн байдлаар 31357 хүнийг шүүхийн шийдвэрээр албан ёсоор цагаатгасан байна. Одоо ч энэ процесс дуусаагүй байна. 1922-1990 оны хооронд хэлмэгдсэн хүмүүсийн цагаатгах хүсэлт, материалыг хүлээж авах хуулийн хугацаа өнгөрсөн оны 12 сарын 31-нд дууссан. Энэ хугацаанд багтаад хүсэлт өгсөн хүмүүсийн шүүхийн шийдвэрүүд гарч байна.
Хэлмэгдэгсдийн ар гэрт ямар хэмжээний нөхөн олговор олгодог вэ?
Анх нөхөн олговорт нэг сая төгрөг өгдөг байсан бол 1998 онд УИХ тогтоол гаргаж нөхөн олговорын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Тус тогтоолоор цаазаар авахуулсан бол 80 сая төгрөг, шоронд хоригдож ял эдэлж байсан бол 40 сая төгрөгийн нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр гарсан ч нөхөн олговрын мөнгөө авч чадаагүй иргэдийн 37 тэрбум төгрөг шийдэгдээгүй байна. Үүнийг төсөв батлагдах болгонд ярьдаг ч хойшлогдох тохиолдол байна. Үүнд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд бухимдалтай байдаг. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жилийн дотор нөхөн олговрыг өгөх хуулийн хугацаатай. Хэлмэгдүүлэлтийн хамгийн том хохирлыг үр хүүхдүүд нь амссан байдаг. Ад үзэгдэж, амьдралын эрхээр нутаг заагдсан, мөн овгоо сольсон тохиолдол олон. Насаараа эсэргүүний хүүхэд гэсэн шошготой амьдралыг туулсан байдаг учраас ихэнх нь их хүнд амьдралтай. Энэ хохиролтой харьцуулахад нөхөн олговрын хэмжээ тийм их биш.
2020 оны 12 сарын 31-нд багтаж, хүсэлтээ өгч амжаагүй хүмүүс яах вэ?
Хүсэлт өгч амжаагүй, үлдсэн хүмүүс маш цөөхөн байдаг. Дийлэнх нь хүсэлтээ өгсөн.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажилд хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?
Би авах ёстой, энэ хүн авах ёсгүй гээд маргаан их гардаг. Мөн тухайн үеийн архивт байсан баримтууд маш ихээр устсан байдаг юм байна. Энэ нь хүндрэл учруулдаг. Түүнчлэн хэлмэгдсэн олон лам нарын үр хүүхдүүд гээд гарч ирдэг ч албан ёсны овог, нэр байдаггүй учраас маргаан их гардаг гэх мэт асуудал байна. Жилд мянган хүний нэр төрийг сэргээдэг гэж үзвэл энэ ажлыг хийхэд 37 жил зарцуулна гэсэн үг юм. Ингээд бодохоор энэ бол маш том ажил. Тухайн үеийн хүн амын 13 хувь нь хэлмэгдүүлэлтэд өртсөн байна. Эдгээр хүмүүсийг аль болох хурдан цагаатгах, амьд сэрүүнд нь нөхөн олговрыг нь өгөхийн тулд ажиллаж байна.
Хэлмэгдэгсдийг эргэн дурсах, цагаатгах энэ өдөр ардчиллын үнэт зүйл болсон хүний эрхийг эргэн харах, байнга санаж явахыг хойч үедээ анхааруулдаг юм шиг санагддаг. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Ардчилал хүний эрх бол салшгүй зүйл, ардчилалгүй нийгэмд хүний эрхийн зөрчлүүдийг ярьж чаддаггүй. Хүний эрхийн асуудал ямагт нэгдүгээрт тавигдаж байх ёстой. Энэ бол зүгээр нэг шүүхийн маргаан биш. Хэн байхаас үл хамааран хүний эрхийн зөрчлүүдийг гаргаж болохгүй гэдгийг залуус ойлгодог, ухамсарладаг байх хэрэгтэй. Тухайн үед ямар ч баримт, нотолгоогүйгээр хүмүүсийг цаазаар авч, 10, 20 жилийн ял өгч байсан нь үнэхээр харамсалтай. Зөвхөн манай улсад ч гэлтгүй олон улсууд байнга дурсан санаж байх ийм өдөртэй байдаг. Бид засаж, залруулж, буцааж чадахгүй ч хийж чадах хамгийн чухал зүйл нь эмгэнэл илэрхийлэх, санан дурсдаг байх явдал. Мөн хэлмэгдүүлэлтийн талаарх мэдээллээр ард иргэдийг соён гэгээрүүлэх нь чухал юм.