
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан хөшөөннд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Тэгвэл энэ өдөр уламжлал ёсоор С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж түүний хөшөөнд төр, нийгмийн зүтгэлтнүүд болон гэр бүлийнхэн нь цэцэг өргөлөө.
Цэцэг өргөх ёслолд С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн С.Оюун, Л.Болд, М.Зоригт, С.Дэмбэрэл болон АН, ИЗНН-ын гишүүд оролцов. Энэ үеэр С.Оюун “Энэ өдөр С.Зориг ахыг маань хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс нь цэцэг өргөж, сайхнаар дурсдаг уламжлалтай.

“Зориг сан”-гийн хувьд оюутан, залуучуудын боловсролыг дэмжиж, ардчиллын анхдагчийн хувьд ямар замнал туулсан, ямар хүсэл мөрөөдөлтэй хүн байсан талаар найз нар нь лекц уншдаг юм. Арав гаруй жилийн өмнө “Залуу удирдагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнээсээ улбаалан байгаль орчны залуу удирдагч, орон нутгийн залуу удирдагч зэрэг залуусын манлайллыг дэмжиж ажиллаж байгаа. Учир нь манай ах 25, 26-хан насан дээрээ хувьсгал хийж явсан учраас бид залуусыг голж болохгүй. Дэмжих хэрэгтэй” хэмээн ярилаа.
Ардчилал эхлүүлж явсан нөхөд нь өнөөдөр төрийн түшээд болсон байна. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн эзнийг олж, илрүүлэх хэрэгтэй.
Мөн цэцэг өргөх ёслолд Багануур дүүргийн иргэдийн төлөөлөл ирсэн байна. Тэдний нэг Л.Баатарсүрэн хэлэхдээ “Зориг агсан бол ардчилсан хөдөлгөөний нэрт удирдагч. Түүнтэй хамт ардчилал эхлүүлж явсан нөхөд нь өнөөдөр төрийн түшээд болсон байна. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн эзнийг олж, илрүүлэх хэрэгтэй. Монголын төр өнөөдөр энэ мундаг хүний хэргийг илрүүлэх цаг нь болсон” гэв.












