
Итали улсад 2026 оны тавдугаар сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсаас оролцох уран бүтээлчид, кураторын багийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Энэ удаагийн Венецийн биеннальд Монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар шалгарсан бол куратороор Ц.Уранчимэг, ко-куратороор Томас Эллэр нар сонгогджээ.
Эдгээр дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг дэглэн “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” үзэл баримтлалыг дэвшүүлж сүнслэг олон янз байдал, хүн-хүн бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг өгүүлэхээр зорьж байгаа аж.


