Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан Хүй долоон худагт өчигдөр эхэлсэн. Энэхүү барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон. Өчигдөр тус барилдааны нэг, хоёрын даваа явагдсан юм. Харин өнөөдөр 09.00 цагаас гурвын даваа эхлэх байсан боловч бөхчүүд одоогоор ам авч эхлээгүй байна. Учир нь, бөхчүүд Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болсон гэж үзэж байгаа учир түүнийг дээгүүр ам авах ёсгүй гэж үзэж байгаа ажээ.

Энэ талаар улсын аварга С.Мөнхбат "Монголын өв соёл шударга, сайхнаараа үлдэх ёстой. Гэвч энэ наадамд шударга бус зүйл гарч байгаа учраас эсэргүүцлээ илэрхийлж байна. Гурван шатны шүүхээр яваад Дээд шүүхийн тогтоол нь гарчихаад байхад Монгол Улсын аварга цолтойгоо барилдаж байгаа нь бөх хүнийхээ хувьд жудаггүй үйлдэл болж байна" гэлээ.

Барилдааныг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж, бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцаж байгаа юм. Энэхүү барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримталж байна. Мөн шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авах юм.