Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаао өчигдөр Төрийн ордонд танхим болон цахимаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Н.УЧРАЛ: -Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хувь хүний нууцыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглосон нийтлэг зохицуулалт бий ч техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийг олон сувгаар хүлээн авч, дамжуулах болсонтой холбогдуулан хувь хүний нэр төр, хувийн нууцад илтэд хууль бусаар халдах явдал цөөнгүй гарах болсон. Хүний хувийн нууцад зөвхөн захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл, хуулиар тогтоосон бусад нууцыг хамааруулахаар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тодорхойлсон нь бэрхшээл болж байгаа тул өнгөрсөн хугацаанд гарч ирсэн зөрчил, дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхээр хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа. Хүн бүрийн мэдээлэл бүрэн хамгаалагдах, зөрчигдсөн бол хүлээх хариуцлага нь тодорхой байх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж байна.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг баталснаар төрийн байгууллагын нийтэд нээлттэй байх хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог, мэдээллийн баазыг төрийн байгууллагууд шуурхай солилцдог, түүнчлэн төсөл хөтөлбөрийг үр ашгтай хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох учиртай. Энэ цаг үед мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл солилцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлээгүйгээр урагшлах боломжгүй.
Н.АЛТАНХУЯГ: -Үндсэн хуульд “...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Энэ эрхийг баталгаажуулахаар хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд төслийн боловсруулалтад талуудын оролцоог бүрэн хангаж, мэргэжлийн түвшинд төслийн боловсруулалтад оролцох бололцоог хангах нь чухал.
Э.БАТ-АМГАЛАН: -Хууль хоорондын уялдаа, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээллийн солилцоог нэгтгэхэд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд чухал ач холбогдолтой.