УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Шинэ тойрог зам төслийн бүтээн байгуулалтад зарцуулах 260.3 сая ам.долларын зээлийн 85 хувьд нь Засгийн газар баталгаа гаргуулах тухай юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар чуулганы хуралдааны үеэр "Улаанбаатар хотод өдөрт 580 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Эдгээр автомашины 30 орчим хувь нь Шинэ тойрог хурдны замаар дайран өнгөрнө гэж тооцож төслийн өртгийг 10 жилийн дотор төлнө гэж үзэж байгаа. Өдөрт 180 мянга орчим автомашин Шинэ тойрог зам болон Туулын хурдны замаар зорчино гэж тооцож байгаа. Энэ зам дээр өдөрт хэдэн ч удаа гарч зорчсон 5000 төгрөгийн хураамж авна. Ийм тооцооллоор 10 жилийн дотор өртгөө нөхнө гэж үзэж байгаа юм" гэв.