Ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл, гэмт хэрэг гээд нийгмийн бараан бүхэн эцэстээ ядууралтай холбогддог. Ядуурлыг бууруулах нь эргээд нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа болно. Гэвч манай улсад ядуурлын түвшин 30 жилийн өмнөхөөс төдийлөн буурсангүй. Тэр ч байтугай сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр дундаж давхаргынхны амьжиргаа доошилж, ядуурлын хүрээ тэлсээр байна.

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутамд ядуурлын түвшингийн судалгаа явуулдаг. Хамгийн сүүлийн буюу 2018 оны судалгаагаар манай улсад ядуурлын түвшин 28.4 хувь байлаа. Энэ нь нийт хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ хүн амын 15 хувь нь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байгаа ба гэнэтийн хямралт үйл явдлын нөлөөгөөр ядуурал руу халтиран орох эрсдэлд байгааг мэдээлжээ. Энэ бол манай улсад цар тахал нүүрлэхээс өмнөх үзүүлэлт.

Тэгвэл цар тахлын нөлөөгөөр дундаж орлоготой өрх бага орлоготой өрх рүү шилжсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Манай улсын хэмжээнд 910 мянга орчим өрх бий. Өнгөрсөн жилийн хугацаанд 500-700 мянган төгрөгийн орлоготой өрхийн тоо хамгийн их буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ давхаргынханд цар тахлын хязгаарлалт хамгийн их нөлөөлсөн гэсэн үг. Тэгвэл эсрэгээрээ 300-500 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн тоо нэмэгдсэн байна. Өрхүүдийн орлого ийнхүү буурсныг хөл хорионы улмаас зогссон ажлын байр, нэмэгдсэн халамжтай уяж болно. Энэ нь том зургаараа ядуурал төдий чинээ нэмэгдсэн гэсэн үг.

Цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн энэ цаг үед гадаадын шинжээчийн сэрэмжлүүлж байсан эрсдэлүүд амьдрал дээр хэрэгжиж эхэллээ. Ажилгүй, орлогогүй болох аваас доод давхарга руугаа ороход бэлэн байгаа дундаж давхаргын хагас сая иргэн ийнхүү ядуусын эгнээнд шилжиж эхэллээ. Хэдийгээр албан ёсны статистик тоо гараагүй боловч ядуу иргэдийн тоо 1.5 саяыг давсан гэж тооцож болохоор болжээ.

Одоо Монголын “гурван хүн тутмын нэг нь ядуу” гэсэн үг хэдийнэ хуучирч, хоёр хүн тутмын нэг нь ийм аюулд өртөөд зогсохгүй, цаашид энэ тоо эрчимтэй өсөх нь тодорхой болчихлоо.

Ядуурлын хүрээ ийнхүү тэлж байхад зөв бодлого шийдлийн тухай, ядаж л сүүлийн хоёр жилийн нөхцөл байдлын талаар төр засгийнхан ярьсангүй, судалсангүй. Харин ч салбар хариуцсан сайд нь “Есөн жилийн дараа ядуурлын хувийг тэг болгоно” гэж сөхөрсөн иргэдээ элэглэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд ядуурлыг бууруулах асуудал тусгагдсан. Ядуурлыг 2030 он гэхэд тэглэнэ гэх зорилтыг дэлхийн бүх улс орон дэвшүүлсний адилаар Монгол Улс энэ зорилгод нэгдэн 2030 он гэхэд ядуурлыг аль болох тэг болгохыг чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Бидний хувьд ядуурлыг бууруулахад эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү түлхүү анхаарч хөрөнгө оруулалтыг оруулах ёстой гэсэн зарчмын дагуу явна.

Ядуурлыг бууруулах бодлого дутагдахын зэрэгцээ цар тахлын нөлөөгөөр дундаж давхаргынхан ядууралд өртөж, ядуучууд нь бүр хэвтэрт орсон бодит байдал, үүнээс гарах арга замыг ярихын оронд цаасан дээр бичсэн мөрөөдлөө чанга дуугаар ярьсан тань сөхөрсөн ард иргэдэд элэглэл шиг л сонсогдлоо, сайд аа.

Цаасан дээрх ядуурлыг бууруулах ийм бодлого, зорилтууд манайд хангалттай бий. 30-аад жилийн өмнө ч ийм зорилтуудыг дэвшүүлж байсан. Харин бодлого төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэггүй, эсрэгээр нь хавтгайрсан халамж олгож, нийтээр нь бэлэнчлэх сэтгэлгээнд сургасны балгаар ямар үр дүнд хүрснийг одоогийн ядуурлын түвшин харуулсаар байна. Ядуурлыг бууруулах манай төр засгийн бодлого үндсэндээ ийм л байна.

Холын биш ойрын ганцхан гялтайх ажил нь ажлын байрыг дэмжих бага хувийн хүүтэй зээл. Цар тахлын нөлөөгөөр ажилгүй, орлогогүй болж буй иргэд, аж ахуйн нэгжийн дэмжих хүрээнд ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ сарын 14-ний байдлаар нийт 17785 зээлдэгчид нэг их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Хэрвээ энэ зээл зориулсан эздэдээ хүрч чадвал өнөө маргаашдаа сөхөрч унахад бэлэн болсон олон мянган хүнд багахан ч болов дэм болох нь гарцаагүй. Гэхдээ жирийн иргэд, зориулсан эзэд нь л зээлийг авч чадвал л үр дүн гарна. Иргэдэд нэртэй эрх мэдэлтнүүдэд хуваарилсан ЖДҮ зэрэг зээлийн гашуун түүх бий болохоор энэ удаад ч үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

Хятадын туршлага: Сэтгэлгээг өөрчлөх

Хятад улс найман жилийн дотор 100 сая иргэнээ ядуурлаас гаргаснаа өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд дэлхий нийтэд зарласан. Найман жилийн дотор 100 сая иргэн гэвэл есөн жилийн дотор нэг сая гаруй иргэнийг ядуурлаас гаргах юухан байх вэ гэж болохоор. Гэхдээ манай улс хэдэн арван жилийн хугацаанд ч нэг мянган иргэнээ ядуурлаас гаргасангүй. Ард иргэд нь ядуу байх тусам тархийг нь угаах, халамжаар удирдахад илүү хялбар болох учраас улсаар нь ядуурлаас гаргахыг тэгтлээ их хүсдэггүй байж ч мэднэ. Үгүй гэвэл ядуурлыг бууруулах манай улсын арга зам буруу гэдэг нь тодорхой байна.

Ард иргэдээ бэлэн мөнгөөр тэжээх биш хөлс хүч хөдөлмөрөө зориулж мөнгө олох, амьдралаа босгохыг нь дэмжих л одоогийн нөхцөлд хамгийн зөв арга. 10 хүрэхгүй жилийн дотор 100 сая хүнээ ядуурлаас гаргасан Хятадын бодлогын цаад агуулга нь ердөө энэ.

БНХАУ-ын Ядуурлыг бууруулах ажлын албаны Мэдээллийн албаны дарга Сү Гүочиа “Ядуурлыг бууруулахдаа улсаас тэтгэх биш нээн хөгжүүлэх арга хэмжээг авдаг. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч муж тосгоны иргэдийг ядуурлаас гаргасан” гэсэн нь үүний баталгаа.

Хүн баян, ядуу төрөх хувь тавилангаа оноож төрөх биш. Ядуу гэр бүлд төрсөн бол яаж ч хүссэн баян тансаг амьдралтай нэгэнтэй дүйх нь амаргүй. Гэвч сэтгэж, сэтгэхүйгээ өөрчилж, хичээж, зүтгэж чадвал амьдралаа өөрчилж элбэг хангалуун амьдарч чадна. Ийм л сэтгэхүйг ард иргэддээ суулгахыг зорьсон хятадууд 100 сая иргэнээ ядуурлаас гаргаж чадлаа.

Манай улсад иргэдээ ядуу гээд бэлэн мөнгө өгөх биш сэтгэлгээг нь өөрчилж ажил хийх, амьдралаа босгоход нь дэмжих бодлого л дутагдаад байна.

Сэтгэлгээгээ өөрчилсөн хүнийг нээн хөгжүүлэхэд амархан. Ажил хийлээ гэхэд авсан цалингаа архи болгочихгүй, амьдралдаа зарцуулаад явчихна. Харин сэтгэлгээний ядууралтай хүнд хэчнээн ажил, хэчнээн мөнгө байгаад ядуу хэвээр л байна. Тиймээс сэтгэлгээний ядуурлыг арилгаж, нээн хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүй болов уу.