
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ X хуудсандаа өдөрт ердөө 3 цаг л унтаж байгаа тухайгаа нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарлаа. Тэрээр албан тушаалдаа очсоноос хойш бага нойртой ажиллах нь хэвийн үзэгдэл болсон төдийгүй амралтын өдрүүдээр ч засгийн газрын чухал бодлогын бичиг баримтуудыг шөнө дөл хүртэл уншиж, мянга мянган имэйлд хариу өгдөг тухайгаа нийгмийн сүлжээнд хуваалцжээ. Мөн өнгөрсөн амралтын өдрөөр анх удаа 5 цаг унтаж чадсандаа баяртай байгаагаа бичиж хуримтлагдсан гэрийн ажлуудаа амжуулснаа хуваалцсан юм.
Гэвч түүний энэхүү бичвэр Японы ард иргэд болон улс төрчдийн хувьд эрс тэрс байр суурийг үүсгээд байна. Япон улс олон жилийн турш хэт их ажилласнаар ядарч нас барах буюу "кароши" соёлтой тэмцэж, ажлын ба амьдралын тэнцвэрийг чухалчилж байгаа энэ үед улс орны удирдагч хүн нойргүй ажиллахаа бахархал мэтээр харуулж байгаа нь нийгэмд буруу дохио өгч байна гэж шүүмжлэгчид үзжээ. Сөрөг хүчнийхэн болон иргэдийн зүгээс Ерөнхий сайдын удирдлагын ур чадварт нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол зарим дэмжигчид түүнийг улс орныхоо төлөө бүхнээ зориулж байна хэмээн хамгаалсан байна. Түүний энэхүү пост нь Японд “нойргүй их ажиллах нь үнэнч шударгын шинж” гэх хуучинсаг ойлголт болон орчин үеийн эрүүл ажлын орчны хоорондох маргааныг дахин дэгдээлээ.