
Украины нөхцөл байдлыг шийдвэрлэх хэлэлцээр мягмар гарагт дахин үргэлжилж, Орос, АНУ, Украины төлөөлөгчид Абу Дабид уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүтэй төлөөлөгчид урд шөнө Арабын Нэгдсэн Эмиратад ирлээ.
Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Интерфакс" агентлагт мэдээлснээр Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайдын орлогч Михаил Галузин, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Игорь Костюков нар дахин багтжээ. Мөн Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков, Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын Үйл ажиллагааны ерөнхий газрын орлогч дарга Юрий Жигарловский нар нэмэгдсэн байна.
Хэлэлцээрт оролцогчид өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч В.Путин болон ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдтэй уулзсан юм. Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнээр гурван талт хэлэлцээрээр эхний ээлжид Орос, Украин болон бүс нутгийн аюулгүй байдлын тухай хэлэлцэх аж.
Путин 10-р сарын 21-нд Санкт-Петербургт болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоффт Орос улс гурван талт хэлбэрээр хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн.
Орос-АНУ-Украины хэлэлцээр хамгийн сүүлд 2026 оны 2-р сард болсон бөгөөд үүний дараа хоёр талын хэлбэрээр явагдсан. Тухайлбал, АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нар Москвад Оросын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Украины талтай мөн ярилцсан юм.