
Mонголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнөөдөр боллоо. Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн иржээ.
МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг дахин сонгогдлоо. Харин тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчид зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, гимнастикийн холбооны Г.Ерөөлбат болон Монголын чөлөөт бөхийн холбооны төлөөлөл Я.Содбаатар нар нэрээ татсан. Ингээд үлдсэн гурван нэр дэвшигчийн дунд санал хураалт явагдахад одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар 111 саналаар улиран сонгогдлоо. Монголын ширээний теннисний холбоог төлөөлөн Ц.Гантулга 95 саналаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 14 хүн нэр дэвшсэнээс долоон гишүүн сонгогдлоо. Үүнд Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр гэсэн долоон хүн хамгийн олон хүний санал авч, тэднийг баталлаа.
Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Номин, А.Ганбаатар нар нэрээ татав.
Ч.Наранбаатар /МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч/
Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр дахин ажиллах итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидэнд хамтран хийсэн ажлууд их байна. Энэ ажлын үр дүнг дахин цааш хэрэгжүүлэх цаг ирлээ. Одоо хоёр жилийн дараа зуны олимпын наадам эхлэх гэж байна. “Бээжин 2008” зуны олимпын наадмаас хойш алтан медаль авалгүй 20 жил болжээ. Өнөөдөр бид дахин багаараа зүтгэхээр болж байна. Олимпын хорооны гишүүддээ дахин итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Надад 20 жилийн өмнө Бээжингийн олимпын алтан медаль авч байсан багийн туршлага байна. Энэ бүхнийг зөвхөн ганцаараа хийх бус холбоодын хамтын хүчээр зохион байгуулалтанд орж ажилладаг байгаа. Тиймээс бид дахин хамтаараа ажиллах боллоо. Та бүхэндээ баярлалаа.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч
Үндэсний олимпын хороонд өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй байгаа. Ялангуяа гадаад харилцааг улам сайн өргөжүүлэх шаардлагатай. Тухайн олимпын төрлийн хөгжил бол гадаад харилцаа байдаг. Гадаад харилцааг сайжруулж байж маш том спортын цогцолборуудыг бий болно. Цаашлаад спортын талаас хувь хүний эрүүл мэнд гээд олон хөтөлбөрүүдийг хийх бүрэн боломжтой. Эрүүл монгол хүн гээд ер нь сайжруулах зүйл их бий. Би үүнийг ч мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс цаашид энэ талаар хамтран ажиллах болно. Монгол хүн олимпын наадмаас олон медаль авч байж эх орноо сурталчилах ёстой. Олимпын эрх авдаг тэмцээнийг Монголд олноор нь авах ёстой. Тэгж байж бид олон эрхийг авах учиртай. Мэдээж баг хамт олонтойгоо энэ талаар сайн ажиллах болно гэж зорьж байна.