.jpg)
Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдлээ. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн ачаалал өнгөрсөн долоо хоногоос эрс нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэхэд ор хүрэлцэхгүй болжээ. Уг тусламжийн төвд бямба гаригт 541 хүүхэд иржээ. Мөн өчигдрийн 09.00-17.00 цагийн хооронд 256 хүүхэд бүртгүүлжээ.
Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн хүүхдийн эмч Т.Тэгшжаргалтай холбогдоход амралтын өдрүүдэд ачаалал эрс нэмэгдсэн. Мөн хувийн эмнэлгээс ирсэн хүүхдүүд их боллоо гэдгийг хэллээ. “Бямба гаригт 541 хүүхэд бүртгүүлсэн. Ням гаригт 09.00-с 17.00 цагийн хооронд нийт 265 хүүхэд бүртгүүлсэн байна. Үзлэгийн зургаан эмч, гурван асрагч ажиллаж байгаа ч ачаалал их байна. Мөн хувийн эмнэлэгээс хүүхэд ирж байна. Яаралтайгаар ирж байгаа хүүхдийн дийлэнх нь өндөр халуурах, гүйлгэх, бөөлжсөн зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Тасгуудад оргүй болсон. Ачаалал их байгаа учраас эмнэлгийн кордорт хүүхдийг хэвтүүлж байгаа. Томуугийн үндэсний хүрээлэнгээс 11 сарын дундаас эхлэн вирусийн тандалт хийж эхэлсэн. Эцэг, эх, асран хамгаалагч нарт хэлэхэд томуугийн дэгдэлт эхэлсэн энэ үед хүүхдэд маск сайн зүүлгэх. Мөн томуугаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх. Хүүхдэд шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй” гэлээ.
АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд хоёр аймаг бүртгэгдлээ. Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Томуугаар өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6 хувийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе буюу 12-р сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна.
ЭМЯ-ны Томуу томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар 7-р сард төлөвлөгдөж, 10-р сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг.
2025 оны 11-р сарын 22-ний өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний "Алаг цоог дэгдэлт"-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг өчигдөр ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллахыг албаныхан хэллээ.
ЭНЭҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмэд
Томуу төст өвчлөл 200 гаруй нэр төрлийн вирусээр үүсгэгддэг. Бага насны хүүхдүүд вакцин хийлгэсэн бол томуугийн вирусийн өвчлөлийг хөнгөн тусах боломжтой. Вирусийн халдварын онцлог нь хэнээс ч халдвар авах боломжтой. Дийлэнх вирусийн халдварлах хугацаа нь 3-5 хоног байдаг бол эдгэрэх хугацаа нь 5-7 хоног байдаг. Гэрийн нөхцөлд ердийн үед уудаг шингэнээ 2-3 дахин нэмэгдүүлэх нь томуугийн вирусийн хоруу чанарыг бууруулдаг. Эмнэлэгт хандсан нийт хүүхдүүдийн 70 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаагүй байсан. Вакцинд хамрагдсан хүүхдүүд хөнгөн өвдөөд гэрээрээ эмчлэгдэх боломжтой байгаа юм. Бага насны хүүхдүүдийн вирусийн өвчлөлийн гол эмчилгээ нь эцэг эхчүүдийн асаргаа юм. Томуугийн өвчлөлийн үед дур мэдэн эм, антибиотик хэрэглэх нь эрсдэл дагуулдаг. Өөрийн сонголтоор сайн гэсэн эм болгоныг хэрэглэх нь хүүхдийн дархлааны системийг унагадаг.