
Иргэн бүрийн эрүүл мэндийн баталгаа байх ёстой эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр хоосорч, өрөнд дарагджээ. Хариуцах эзэн, хялайлгах мөнгөгүй энэ сангийн хямралаас шалтгаалж олон хүн шаардлагатай эмчилгээ, эмнэлгийн тусламжаа авч чадахгүйд хүрээд байна.
УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын 2025 оны төсвийг батлахдаа орлогыг 2.464 их наяд төгрөг, зарлагыг 2.242 их наяд төгрөгөөр баталсан. Гэтэл өнөөдөр энэ сан орлогоосоо давсан зарлага гаргаж 2025 оны есдүгээр сарын байдлаар 167 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн даатгалын сан цоорхой шанага шиг болсон. Жил бүр мөнгийг нь нэмсээр байхад тэр их мөнгө хаашаа орж, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, хяналтгүй урссаар байна” хэмээн мэдэгдсэн. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Гэвч даргыг нь чөлөөлсөн ч асуудал шийдэгдээгүй хэвээр. Даатгалын сангийн хямрал, ил тод бус зарцуулалт, өр төлбөрийн асуудлыг нь харин иргэд нуруун дээрээ үүрч байна.
Даатгалтай ч...
Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар 3.2 сая хүн эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Үүний,
2.3 сая нь шимтгэлийг улсын төсвөөс төлдөг иргэд,
783.2 мянга нь ажил олгогчоороо дамжуулан төлдөг ажилтан,
172.1 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлдөг иргэд байна.
Эдгээр иргэд эрүүл мэндийн даатгалаа сар, жил болгон төлж байгаа ч төлсөн даатгалынхаа үр шимийг бүрэн хүртэж чадахгүй хэвээр байна.
Өнөөдөр улсын эмнэлгийн үүдэнд дугаарласан иргэдийн урт цуваа хэн бүхэнд танил дүр зураг болсон. Үзлэгт орохын тулд долоо хоног, хэвтэн эмчлүүлэхийн тулд бүр хэдэн сараар хүлээх нь энгийн үзэгдэл. Үүний улмаас зарим нь оношоо ч мэдэлгүй хүлээсээр өвчин нь хүндэрч, эцэстээ хувийн эмнэлэгт өндөр төлбөр төлөх эсвэл эрүүл мэндээ эрсдэлд оруулах хоёрхон сонголттой тулгарч байна. Уг нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч энэ хэрээр хүртээмжээ нэмэгдүүлж иргэдээ эмнэх байтал сан нь хоосорч, санхүүжилт нь зогсож эмнэлгүүд эм тарианаас эхлүүлээд нэг удаагийн малгай, бээлийгээ ч авч чадахгүй нөхцөл байдалд хүрээд буй.
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв
2021 онд 1.3
их наяд
2022 онд 1.6 их наяд
2023 онд 1.7 их наяд
2024 онд 1.9 их наяд
2025 онд 2.3 их наяд
Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Чинбүрэн
Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл 2021 оноос хэрэгжихдээ сайн ажиллаж, олон хүн эмчилсэн байгууллага цалин өндөр авах реформ хийсэн. Цар тахлын дараагаас эрүүл мэндийн салбарын ажилтны цалин нэмэгдээгүй. Нэхэмжлэлийг хянаж чаддаг тогтолцоогүйгээс болж баахан өр шир гарсан. Мөнгө дутаагүй сэтгэл дутсан. Он гараад 316 тэрбум төгрөгийн өр дарсны 54 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийнх байсан. 2025 онд хувийн хэвшилд 165 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт өгөхөөр байсан боловч наймдугаар сард өгөөд дуусчихсан. 9, 10 дугаар сард 220 тэрбум төгрөгийн өр үүсэх бодлого явж байсныг Сангийн яамтай яриад зогсоосон.
Мөн даатгалын сангийн дампуурлаас шалтгаалан бүх нийтийн эрт илрүүлгийг бүр мөсөн зогсоосон. Улмаар нэн шаардлагатайгаас бусад бүх хагалгаа, эмчилгээг зогсоогоод байна. Ийнхүү сангийн данс улайж, улсын эмнэлгүүдийн ачаалал хязгаарт хүрсэн байхад, ЭМД-ын сан энэ оны эхний найман сарын байдлаар хувийн эмнэлгүүдэд 160 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг аль хэдийнэ шилжүүлжээ. Харин улсын эмнэлгүүдийн хувьд үүнтэй дүйцэхүйц ачаалал, хэрэгцээ байсаар атал санхүүжилт нь бүрэн очоогүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан
Арваннэгдүгээр сар гэхэд эрүүл мэндийн салбар хүнд байдалд орж, нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүд иргэдэд төлбөртэй хүргэх эсэх асуудал яригдана. Ирэх оны төсөвт эрүүл мэндийг дэмжиж буй байдал харагдахгүй байгаа. Энэ байдлаараа 2026 онд эрүүл мэндийн салбар дампуурах маягтай харагдаж байна.
Эрүүл мэндийн салбарт үүрлэсэн дарга нарын цавчаа санг хоосолж, дампуурлаа зарлахад хүргээд буй энэ үед эмч нар ч мөн тэсэж, тэсэж тэвчээр алдрав. Тухайлбал, Сүхбаатарын талбай дээр эмч ажилтнууд 2026 оны улсын төсвийг эргүүлэн тат гэх шаардлагыг тавьж мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан суулт хийж эхэлсэн. Тухайлбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эл асуудалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг хийсэн юм. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа “Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хүндэрч, хамгийн багадаа 1.5-1.7 тэрбум төгрөгийн өртэй эмнэлгүүд олон байна. Эмч нар эмнэлгийн тусламж үзүүлэх гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдолтой, ариутгалын бээлий нь ч олдохгүй байгаа. Орон нутагт нөхцөл байдал бүр хүнд байна. Хаа сайгүй хүний нөөцийн дутагдалтай. Нийт эмч нарын нийгмийн даатгал одоог хүртэл төлөгдөөгүй. Цалингаа 15 хувь л нэмэгдүүлэх гэж жагсаагүй. Бид цалингаа 3.5 сая болгох хүртлээ бат зогсох болно” хэмээн мэдээлсэн.
Үүний дараагаар Засгийн газар 181 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргавал эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл
Хэрвээ даатгалын сан өргүй байвал ирэх 2026 онд цалингийн хэмжээг 30-40 хувь нэмэгдүүлэх боломжтой. Одоо нэмэгдэж байгаа 15 хувь бол үндсэн цалингийн нэмэгдэл болж эмч, сувилагчид дээр очиж байгаа. Үндсэн цалин нэмэгдэхээр дагалдах цалин болон жижүүрийн хөлс, ажилласан жил, зэргийн нэмэгдэл нэмэгддэг. Ирэх оноос дунджаар 400-800 мянган төгрөг эмч, сувилагч нарын цалин нэмэгдэж гарт нь очно. Үүнээс үүдэж ЭМД болон гүйцэтгэлийн санхүүжилтийн өртгийг зөв тооцох, эмнэлгүүдэд санхүүгийн эрх чөлөөг олгож байгаа. Нөгөөтэйгүүр ажилдаа хариуцлагагүй ханддаг, төсвийн мөнгийг шамшигдуулдаг, эмч ажилчдын цалинг нэмэх боломжтой мөнгөөр худалдан авалт хийдсэн нь тогтоогдсон эмнэлгийн дарга нарт хариуцлага тооцож байгаа. Судлаад үзэхэд эрүүл мэндийн салбарт энэ мэтчилэн олон асуудал байна.
Түүнчлэн салбарын сайдын хэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой шалгалтын явцад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ноцтой зөрчил илэрсэн байна. Тодруулбал, нэг сарын дараа хугацаа нь дуусах сэтгэцэд нөлөөлөх эмийг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан ч устгасан талаарх акт нь бүрдээгүй гэх зөрчлийг илрүүлэн Цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Энэ мэт зөрчил, хууль бус үйлдлүүд нь эрүүл мэндийн салбар системээрээ доройтсоны илрэл юм. Харин энэ балгыг нь иргэд, эмч мэргэжилтнүүд л үүрч хөдөлмөр, эрүүл мэндээрээ хохирсоор байна.