
Австралид 16-аас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглосон хууль баталсан. Гэсэн хэдий ч хүүхдүүдийн ихэнх нь хязгаарласан платформуудыг үргэлжлүүлэн ашиглаж байгааг шинэ томоохон судалгаа харууллаа. Энэ нь уг хууль эрх зүйн арга хэмжээний үр нөлөөнд эргэлзээ төрүүлж эхэлжээ.
Судалгаагаар хориг өнгөрсөн оны 12-р сард хэрэгжиж эхлэхээс өмнө сошиал медиа ашиглаж байсан 12–15 насны хүүхдүүдийн ойролцоогоор гуравны хоёр нь одоо ч нэг буюу түүнээс олон аккаунтад нэвтрэх боломжтой хэвээр байгааг харуулсан аж.
Molly Rose Foundation-ийн явуулсан судалгаанд оролцсон 1050 хүүхдийн ойролцоогоор 50 хувь нь TikTok, YouTube, Instagram зэрэг хамгийн түгээмэл платформ дээрх аккаунтаа ашиглаж чадсаар байгаа гэж хариулжээ.
Харин Facebook болон Snapchat зэрэг апп-уудыг хамруулбал энэ үзүүлэлт бараг гуравны хоёрт хүрсэн байна.
Судалгаанд оролцогч хүүхдүүдийн 70 орчим хувь нь хоригийг тойрч гарах нь “амархан” гэж хэлсэн бол талаас илүү хувь нь энэ хориг онлайн аюулгүй байдалд ямар ч өөрчлөлт авчраагүй гэж үзжээ.
Судалгааны дүнгээс харахад сошиал медиа компаниуд 16-аас доош насныхны аккаунтыг илрүүлэх, устгах тал дээр хангалтгүй ажиллаж байна гэж тус сан мэдэгдсэн байна. Мөн Их Британид ижил төстэй хориг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь одоогийн нөхцөлд “өндөр эрсдэлтэй туршилт” болохыг анхааруулжээ.
Тус сангийн удирдлагын төлөөлөгч Энди Бурровс “Эдгээр үр дүн Австралийн хоригийн үр нөлөөнд ноцтой асуулт тавьж байна. Их Британи яг одоо ийм алхам хийх нь өндөр эрсдэлтэй” гэж хэлсэн байна.
Мөн “хориг нь шуурхай шийдэл мэт харагдавч бодит байдал дээр технологийн компаниудын хариуцлагыг сулруулж, хүүхдүүдийн онлайн аюулгүй байдал, сайн сайхан байдалд шаардлагатай ахиц гаргахгүй байна” гэж тэр онцолжээ.
Өнгөрсөн сард гарсан тайланд Австралийн цахим аюулгүй байдлын зохицуулагч Meta, YouTube, TikTok зэрэг платформуудад хоригийг хэрэгжүүлэхэд “томоохон цоорхой” байгааг анхааруулсан. Ялангуяа нас баталгаажуулалтын процессыг олон удаа давтаж оролдсоноор хүүхдүүд 16+ гэсэн үр дүнд хүрэх боломж олгож байгааг дурдсан байна.
Molly Rose Foundation-ийн зүгээс сошиал медиа апп-уудын донтуулах, эрсдэлтэй дизайн нь асуудлын гол тул илүү хатуу зохицуулалт хийж, “аюулгүй байдлаас илүү ашиг орлогыг чухалчилдаг бизнесийн загварт” шууд нөлөөлөх бодлого хэрэгтэй гэж үзжээ.
Тус сангийн тэргүүн Иан Рассел “Кейр Стармер Их Британийг онлайн аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэгч болгох боломжтой. Гэхдээ Австрали шиг хоригийг яаран хэрэгжүүлбэл бодит хамгаалалт биш, зөвхөн ‘аюулгүй мэт сэтгэгдэл’ төрүүлэх эрсдэлтэй” гэж мэдэгдсэн байна.
Судалгааны дүнтэй холбоотойгоор TikTok, YouTube, Instagram-аас тайлбар авахаар хандсан ч одоогоор хариу өгөөгүй байна.