
Мина болон дэлбэрээгүй зэвсгийн улмаас амиа алдсан, шархадсан хүний тоо сүүлийн таван жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Нас баралтын хамгийн олон тохиолдол Зүүн Өмнөд Азид бүртгэгджээ. Үүнд Мьянмарын иргэний дайн голлон нөлөөлсөн байна.
Мина хориглох олон улсын кампанит ажлын тайланд дурдсанаар, 2025 онд бүртгэгдсэн 6929 хохирогчийн 84 орчим хувь нь энгийн иргэд байжээ. Тэдгээрийн тал нь хүүхэд байсан аж.
Засгийн газрын цэргүүд болон зэвсэгт бүлэглэлүүдийн аль аль нь мина ашиглаж буй Мьянмарт 2025 онд 1891 хүн минад өртөж амиа алдсан нь гурав дахь жилдээ дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мьянмарт өдөрт дунджаар таван хүн минад өртөж амиа алдаж эсвэл шархдаж байгааг тайланд дурджээ.
Мьянмар болон Камбож, Лаос, Вьетнам зэрэг бүс нутгийн бусад улс 2025 онд дэлхий даяар тэсрэх бөмбөгний улмаас амиа алдсан хүний 27 хувийг эзэлжээ. Гэтэл эдгээр улсын хүн ам дэлхийн нийт хүн амын ердөө найман хувьтай тэнцэж байна. Сирид мина болон дэлбэрээгүй зэвсгийн улмаас амиа алдсан, шархадсан хүний тоо 50 гаруй хувиар өсөж, 2025 онд 1602 хүн хохирчээ. Энэ нь 2024 онд Ерөнхийлөгч асан Башар аль-Асадын засаглал унасны дараа олон тооны энгийн иргэн нутаг буцсантай холбоотой.
Европын таван улс Мина хориглох гэрээнээс гарчээ
Мина хориглох олон улсын кампанит ажил 1997 оны Мина хориглох гэрээнд нэгдэхийг улс орнуудад уриалсаар ирсэн. Уг гэрээ нь явган цэргийн эсрэг мина нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох зорилготой юм. Гэсэн ч ОХУ-тай хиллэдэг Европын таван улс болох Финланд, Эстони, Латви, Литва, Польш бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг үндэслэн гэрээнээс гарчээ.
Харин Украин уг гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээ НҮБ-д мэдэгдсэн байна. Гэвч гэрээний заалтаар ийм алхам хийхийг зөвшөөрдөггүй аж. Уг гэрээнд нэгдээгүй Орос улс Украин руу довтлохдоо тэсрэх бөмбөгийг өргөн хүрээнд ашиглаж байгаа бөгөөд Украины тал ч мөн адилхан ашиглаж байсныг “Тэсрэх бөмбөгийн монитор” тайланд тогтоожээ.
Тайлант хугацаанд Ливан, Маршаллын арлууд, Тонга улс Мина хориглох гэрээнд нэгдсэнээр одоогоор нийт 162 улс уг гэрээгээр хүлээсэн үүрэгтэй болжээ.