“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүк “No Other Choice” хэмээх шинэ бүтээлийнхээ нээлтийг Венецийн кино наадмаар хийж дэлхийн үзэгчдэд хүргэжээ.
Уг бүтээл нь эдийн засгийн дарамт, айдас хүйдсийг бараан егөөдлөөр ёжлон хүргэсэн гашуун атлаа хөнгөн инээдэм хослуулсан кино юм. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тус бүтээл олон улсын кино урлагт нэлээдгүй шуугиан тарих магадлал өндөр байна.
2019 онд Бон Жун Хогийн “Parasite” кино Каннын кино наадамд нээлтээ хийж, дэлхий даяар шуугиан тарьж, Оскарын шагнал хүртсэн билээ. Харин “No Other Choice” бол түүнтэй дүйцэхүйц бүтээл хэмээн кино сонирхогчид болон шүүмжлэгчид үзжээ.
Пак Чан Вүкийн уг кино нь өнөөгийн эдийн засгийн бодит байдалд шүүмжлэлтэй хандаж, үзэгчдийг ямагт гайхшруулсан, хөгжилтэй хэдий ч айдас төрүүлэм үйл явдлуудаар дүүрэн бөгөөд тун өвөрцөм арга барилаар бүтээсэн үхлийн хэсгүүд ч бий.

Киноны дүрүүдийг алдарт жүжигчин Ли Бён Хо, Сон Ё Жин, Пак Хи Сүн нар бүтээжээ. Гол дүрийн Ман Сү хэмээх эр багадаа төрж өссөн байшингаа насанд хүрсэн хойноо эргүүлэн авч, сэргээн засварлах хийгээд хайртай эхнэр болон хоёр хүүхдийнхээ хамт аж төрнө. Тийнхүү цаашид болох үйл явдлын эхэнд тэрээр бүхнийг өөрийн болгосон гэж итгэлтэй хэлэх ажээ. Киноны эхлэлд цэцэгс, бут ургуулсан хашаандаа наймаалж, загас шарж буйгаар гарна. Гэвч удахгүй энэхүү аз жаргалын дүр зураг нурж эхэлнэ.
Учир нь Ман Сү 25 жилийн турш ажилласан цаасны үйлдвэрээс халагдана. Түүнийг тус үйлдвэрийг авсан шинэ америк эзэд нь ажлаас нь халж орхижээ. Цаашид ажилгүй болсон тэрээр бусдын доромжлолыг хүртэж, дотоод дахь гутрал, шаналандаа идэгдэж эхэлдэг.
Нэг жилийн дараа тэд “Netflix”-ээ цуцалж, гуравхан сарын хойно байшингаасаа салах хэрэгтэй болдог. Үүнээс үүдэн Ман Сү аймшигт төлөвлөгөө боловсруулна. Тэрээр ажилдаа эргэн орохын тулд өөрт нь саад болсон хүн бүрийг устгавал зовлон нь арилна гэж сэтгэдэг. Гэвч аллага бол хялбар зүйл биш. Түүнчлэн тэр өөрийнхөө тэс өөр хувилбаруудыг ч устгах гэж оролдох болно.

Үнэндээ Ман Сү бол ердөө л ажлаа хийж, гэр бүлээ сайн сайхан авч явахыг хүссэн жирийн иргэн байв. Гэвч түүний дотоод айдсын эсрэг талд нь цуст алуурчин зогсож байлаа.
Уг кино Пак Чан Вүкийн өмнө бүтээсэн кинонуудаас хамгийн инээдтэй боловч айдас төрүүлэм хийгээд нэн хүнлэг бүтээл болжээ.
Тус бүтээлийг Доналд Е. Уэстлейкийн 1997 онд бичсэн “The Axe” романаас сэдэвлэсэн ч найруулагч өөрийн өвөрмөц хэв маягаар хар бараан метафизик харгуулдаж гашуун инээдэм болгон хувиргажээ. Энэ бүтээлд тэрээр инээдтэй аллагын хэсгүүд, хурц шоглол, дүрийн өнгөц мэт боловч гүнзгий сэтгэл хөдлөлтэй өрнөлүүдийг төгс нэгтгэсэн байна.
Б.Алтанхуяг