
Туркийн хамгийн том хот Истанбулд аадар бороо орсны улмаас хэдэн зуун айл өрх усанд автаж, замууд нурж, замын хөдөлгөөн бараг бүрэн саатлаа.
«Аль Жазира» телевизийн баталгаажуулсан дүрс бичлэгт Истанбул хотын Фатих дүүргийн Балат орчимд 14 настай хүү аадар борооны үеэр тогтсон ус руу орохдоо цахилгаанд цохиулж буй нь камерын бичлэгт буужээ. Бичлэгт хүү автомашины зогсоолын үүдэнд тогтсон ус туулан алхаж байгаад гэнэт газар унаж буй нь харагдсан байна.
Истанбул хотын захирагчийн ажлын албаны мэдээлснээр, хүүг ухаангүй байхад нь эмнэлэгт хүргэн аврах оролдлого хийсэн ч нас баржээ. Уг хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.
Истанбул хотын захирагч Давут Гүл пүрэв гарагт зайлшгүй шаардлагагүй бол иргэдийг гэртээ байхыг уриалжээ. Мөн зоорийн давхрын орон сууцанд амьдардаг хүмүүсийг шөнийг дээд давхарт өнгөрүүлж, гол горхины сав газар, замын доогуурх гарц болон үерт автах эрсдэлтэй бусад газраас хол байхыг анхааруулсан байна.
«Ассошиэйтед Пресс» агентлагийн мэдээлснээр, хотын захирагчийн ажлын алба пүрэв гарагт хотын бүх сургуулийн хичээлийг түр зогсоож, мотоциклтой хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчид болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг ажлаас нь түр чөлөөлсөн байна.
Мотоциклын хөдөлгөөнийг хориглосон шийдвэр лхагва гарагийн 21:00 цагаас хэрэгжиж эхлэн дараагийн мэдэгдэл хүртэл хүчинтэй байхаар зохицуулагджээ.
Туркийн Дотоод хэргийн яам лхагва, пүрэв гарагт хэд, хэдэн мужид гэнэтийн үер буух эрсдэлтэйг анхааруулсан байна.
«Дэйли Сабах» сонины мэдээлснээр, 16 сая орчим хүн амтай Истанбул хот даяар 8000 орчим алба хаагч, 2000 тээврийн хэрэгсэл болон барилгын машин механизм дайчлан ажиллуулжээ.
Цаг агаарын нөхцөлтэй холбоотой осол, зөрчлийн талаар онцгой байдлын албанд 2500 гаруй дуудлага иржээ.
Эрх баригчид нийт 1277 үер, 15 хөрсний нуралт бүртгэж, 47 хүн усанд боогдон гацсан гэж мэдээлсэн байна. Үерийн улмаас 800 гаруй орон сууц, 280 аж ахуйн нэгжийн байр, 76 автомашин өртжээ.