
Британийн зохиолч Салман Рушдид Америкийн Үндэсний номын сангийн “Америкийн утга зохиолд оруулсан онцгой хувь нэмэр” медалийг хүртээхээр болжээ. Үндэсний номын сангаас зарласан энэхүү шагнал нь зохиолчийн насан туршийн уран бүтээлийг үнэлдэг бөгөөд Рушди уг шагналын 39 дэх эзэн болж байна. Шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотноо болох юм. Энэ нь Үндэсний номын сангийн 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үе бөгөөд зохиолч, “Бүх зүйлсийн өв” романаараа Букерийн шагнал хүртсэн Киран Десай түүнд медалийг гардуулна.
79 настай Рушди “Midnight’s Children”, “The Satanic Verses”, “The Moor’s Last Sigh” зэрэг романаараа дэлхийн орчин үеийн утга зохиолын томоохон төлөөлөгч болсон юм. Тэрээр өөрийн амьдралыг Өмнөд Ази, Лондон, Нью-Йорк гэсэн гурван өөр орон зайгаар тодорхойлдог бөгөөд "Одоо би Америкийн зохиолчдын нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг болсон" хэмээжээ. Рушдигийн хувьд Америкийн зохиолч байна гэдэг нь заавал АНУ-ын тухай бичихийг хэлэхгүй, харин цагаач зохиолчдын олон янзын туршлага Америкийн утга зохиолыг баяжуулдаг гэсэн ойлголттой холбоотой аж. Үндэсний номын сан ч "Түүний зохиолууд бодит болон төсөөллийн өөр өөр газар орныг холбож, соёл, улс төр, газар зүйн хил хязгаарыг давсан түүхүүдийг бүтээдэг" хэмээн үнэлжээ.
Рушдигийн энэ шагнал түүний амьдрал, уран бүтээлийн хамгийн эмгэнэлтэй үеийн дараа ирж байгаагаараа онцлогтой. 2022 онд Нью-Йорк мужид лекц уншихаар тайзан дээр гарч байхдаа халдлагад өртөж, хүнд гэмтсэн тэрээр уг явдлын дараа “Knife: Meditations After an Attempted Murder” дурсамжийн номоо бичсэн бөгөөд уг бүтээл 2024 оны Үндэсний номын шагналын уран зохиолын бус төрөлд нэр дэвшиж байв. Харин энэ удаагийн шагнал нь ганц номыг бус, Рушдигийн бүхэл бүтэн уран бүтээлийн замналыг үнэлж байгаа хэрэг билээ. Үндэсний номын сангийн захирал Рут Дикийн тодорхойлсноор "Рушдигийн бүтээлүүд утга зохиолын хүүрнэл хэрхэн хил хязгаарыг давж, өөр өөр үе, соёл, орон зайг холбож чаддагийг харуулдаг" гэв.