
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нэг ээлжит чуулганы хугацаанд хоёр асуудлаар түр хороо байгуулж, хяналтын сонсгол явуулах боломжтой. Энэхүү боломжийг ашиглаж түр хороо байгуулах хүсэлтэй гишүүд уралдсаар байна. Хаврын чуулганы эхэлснээс хойш түр хороо байгуулах нэг тогтоол хэлэлцсэн ч дэмжигдээгүй. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл. Тэд Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулж, хяналтын сонсгол зохион байгуулахыг хүссэн юм.
БНХАУ-тай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох, нүүрс худалдах, Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт хоёр улсын Ерөнхий сайд гарын үсэг зурах ёслол Харбинд болсон. Тиймээс үүнийг Харбины гэрээ хэмээн нэрлэсэн юм. Нүүрсээ хэт хямдхан үнээр худалдан гэрээ байгууллаа хэмээн УИХ-ын зарим гишүүд шүүмжилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор түр хороо байгуулах тогтоолыг төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн ч олонхийн дэмжлэг авч чадсангүй.
Одоо УИХ дээр түр хороо байгуулах хоёр ч тогтоолын төсөл хэлэлцүүлгээ хүлээж байна. Нэг нь УИХ-ын Ц.Баатархүү нарын 35 гишүүний өргөн мэдүүлсэн Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл. Нөгөө нь УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 37 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл.
Түр хороо байгуулж, хяналтын сонсгол зохион байгуулахын давуу тал нь олон нийтэд эргэлзээ төрүүлсэн, талцал хуваагдал үүсгэсэн асуудлаар иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх. Иргэд олон асуудлын үнэнийг нэхэж байгаа. Тийм ч учраас дараа дараагийн асуудлаар түр хороо байгуулах тухай асуудал яригдаж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бодь” группийн “Эрдэнэс Тавантолгой” компанитай байгуулсан off-take гэрээг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилга гаргаад байна. Мөн Туулын хурдны замын төслөөр гээд хянал шалгах түр хороо байгуулах асуудал яригдаж байгаа. Энэ мэтээр түр хороо байгуулж, хяналтын сонсгол явуулах санал тасрахгүй нь.
Шүүмжлэл дагуулаад байгаа томоохон төсүүдийн бодит үнэн нь аль гэдгийг иргэд мэдэхгүй. Тиймээс түр хороо байгуулж, хяналтын сонсгол хийх нь нийгэмд үүссэн талцал хуваагдлыг арилгаж хэн нь үнэн яриад байгааг мэдэх, хэлмэгдэн гүтгэгдэж буй иргэн, аж ахуйн нэгж нэр төрөө цэвэрлэх сайхан боломж. Гэхдээ төсөл нэг бүрээр түр хороо байгуулж, нотлох баримтыг нь шинжлэн судлах хяналтын сонсгол зохион байгуулаад байвал дуусдаггүй яриа гэдэг шиг зүйл болно. Тиймээс төсөл бус сэдэв бүрээр нь нэгтгэн сонсгол зохион байгуулбал илүү үр дүнтэй. Тухайлбал, нүүрстэй холбоотой бүх гэрээгээр нэг л сонсгол явуулах хэрэгтэй. Харбин, Ухаахудаг, “Чалько”-гоос эхлээд, “Бодь”, “Норико интернэшнл” ХХК-тай байгуулсан off-take гэрээ гээд “Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан бүх гэрээгээр хяналтын сонсгол явуулах нь зөв. Ингэх нь зөв гэдгийг ч УИХ-ын гишүүд хэлж байгаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир
Харбин, Ухаахудаг, off-take гэрээ гээд бүгдийг нь ил болгох хэрэгтэй. Бүгдийг нь ил болгож, нээлттэй хэлэлцэн шалгаж байж иргэдийн мэдэх эрх хангагдана. Аль нэгийг нь нууцаар үлдээж болохгүй. Өмнө нь Ухаахудаг, Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах гэтэл УИХ дээр унасан. Энэ байдлаараа улс төрийн нөлөө орж ялгавартай ханддаг болох нь. Тиймээс шалгавал бүгдийг нь л шалгах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Туваан
Нүүрсний бүх гэрээг нээлттэй шалгаасай гэж боддог. Яагаад гэвэл, энэ бол улс орны эрх ашиг, эдийн засагтай холбоотой асуудал. Салбарыг нь тодорхой хугацаанд тэргүүлэн ажиллаж байсан хүний хувьд заримдаа хардалт, шүүмжлэлээс үнэхээр залхдаг. Тиймээс бүгдийг нь шалгаад цэгцлээсэй гэж хүсдэг.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
Бүгдийг нь хянан шалгамаар байна. Нэг асуудал гарахаар нөгөөг нь сөргүүлж ярьдаг болсон. Тиймээс яривал бүгдийг нь зэрэг ярьж, шалгах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Номин
Нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгахаас гадна УИХ-ын түвшинд ч түр хороо байгуулан хяналтын сонсгол явуулах хэрэгтэй. Харбин, “Бодь”, цаашлаад Ухаахудагийн гэрээг ч шалгах хэрэгтэй. Ингэж бүгдийг нь шалгаж эцэслээд эцэс төгсгөлгүй улс төр хийдэг байдлаа зогсоох ажлаа хийх нь чухал.
УИХ-ын Л.Энх-Амгалан
Нүүрсний бүх гэрээг хэнийх байхаас нь үл хамаарч бүгдийг нь шалгах хэрэгтэй. Тиймээс бүгдийг нь шалгахыг дэмжиж байгаа. Ингэж асуудлыг мухарлах ёстой. Ард иргэд шударга ёс нэхэж байна. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй. Иргэд ходоодны өлсгөлөнгөөс илүү шударга ёсны өлсгөлөн хэцүү байна гэдгийг хэлж байгаа.
УИХ-ын гишүүн П.Ганзориг
Нэг гэрээг нь шалгах гэхээр нөгөө талаас нь бас нэг асуудал тавиад нэгийг нь нөгөөгөөр нь дарах гээд байгаа байдал ажиглагддаг. Тиймээс бүгдийг нь хэлэлцэх хэрэгтэй. Заавал хяналтын сонсгол гэхгүй ч бүгдийг нь л тэнцүүхэн авч үзэх нь зөв.
Хөгжлийн банкны бүх чанаргүй зээлдэгчдийг оролцуулан сонсгол зохион байгуулсан шиг нүүрсний бүх гэрээг хянан шалгах боломжтой. Ингэж чадвал “Нэгийг нь шалгаж, нөгөөг нь үлдээлээ” гэсэн хардлага арилна.