
2026 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Шарын гол зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Балж, Хангай нурууны араас усжих Орхон, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгджээ. Улмаар Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Хүдэр, Ерөө гол үерийн аюултай түвшинг 5-35 см давж үерлэжээ.
Маргааш буюу 25-ны өдөр Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 30 см, Багануур дүүрэг орчимд Хэрлэн голын усны түвшин 10 см, Ялалт баг орчимд Халх голын усны түвшин 8 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.