
Энэ оны спортын онцлох үйл явдал хоёрдугаар сард Итали улсад болсон “Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмаар эхэлсэн. Тэгвэл оны сүүлийн олимп болох залуучуудын зуны олимпын IV наадам Сенегалын Дакар хотод энэ сарын 31- нээс ирэх сарын 13-ны хооронд болно.
Олон улсын олимпын хорооноос өсвөр үеийн шилдэг залуусыг тодруулах зорилготойгоор өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулж ирсэн. Анхны залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт болж, 204 орны 14-18 насны 3524 тамирчин 26 спортын төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байв. Энэ наадмаас хойш дөрвөн жилд нэг удаа залуучуудын олимпын наадмыг зохион байгуулж, ирээдүйн аваргуудыг тодруулж эхэлсэн. 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентиний Буэнос Айрест болсон 2022 оны олимп коронавирусын цар тахлын улмаас хойшлогдож байв. Иймээс энэ удаагийн IV наадам найман жилийн дараа зохион байгуулагдахдаа Африк тивд болж буйгаараа онцгой.
Манай улс залуучуудын зуны олимпын наадмаас гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Энэ наадамд оролцож байсан олон тамирчин хожим насанд хүрэгчдийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан юм. Тодруулбал, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, жүдоч Ц.Цогтбаатар, дэлхийн аварга, олимпын наадамд гурван удаа өрсөлдсөн хүндийн өргөлтийн М.Анхцэцэг нарын олон шилдэг тамирчин бий.
“Дакар 2026” залуучуудын зуны олимпын IV наадмын галт бамбарыг хүлээлгэн өгөх ёслол Грекийн Афин хотод боллоо. Энэ оны сүүлийн олимпыг зохион байгуулах Сенегалын багийн төлөөлөл галт бамбарын буухиаг хүлээн авсан юм. Африк тивд анх удаа олимпын наадам болох гэж буй нь сая сая африкчуудын анхаарлыг татаж наадмыг угтсан арга хэмжээ Сенегал улсад тусгай хөтөлбөрийн дагуу болж байна.
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри Грекээс Сенегалд шилжсэн олимпын бамбарын ёслолын үеэр “Африкийн ард түмэн нэгэн түүхийн гэрч болох болно” гэж хэлсэн юм.
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентр
Африкт анхны олимпын наадмын түүх бичигдэхэд тун ойртлоо. Энэ түүхийг Африкийн ард түмэн болон наадмыг зохион байгуулах Сенегал улс бичиж байна. Энэ бол Африк түмэн хэн болохоо харуулах боломж юм. Сенегалд ирэх дэлхийн хүүхэд, залуусыг халуун сэтгэлээр угтахад Африкийн ард түмэн бэлэн байна. Тэд үе тэнгийн залуусыг нөхөрлөл, хүндлэл, нээлттэй байдлаар угтах болно. Энэ олимпын наадам Африк тивд түүхэн ач холбогдолтой. Залуучуудын олимпоор дамжуулан Африкийн олон залуусыг спортод татагдан орох урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Хэрэв шаргуу хөдөлмөрлөж, зорилготой байж чадвал юунд ч хүрч чадна. Тиймээс би тэднийг боломжгүй гэж бодож байсан зүйл нь боломжтой болно гэдэгт итгээсэй гэж хүсэж байна.
Гурван олимпод шавиа илгээж буй багш
“Africa welcomes, Dakar celebrates” уриан дор зохион байгуулагдах “Дакар 2026” олимпын наадамд 25 спортын 153 төрөлд 2700 гаруй тамирчин өрсөлдөнө. Манай улсаас 3х3 сагсанбөмбөг, усан спорт, жүдо, дугуй, элсний бөх, боксын төрөлд эрх авсан 10 тамирчин оролцоно. Сагсанбөмбөгийн эрэгтэй багаас гадна дугуйн төрөлд хоёр тамирчин уралдах бол бусад төрөлд нэг нэг тамирчин Дакарыг зорино. Тэдний дунд чөлөөт бөхийн U17 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын эзэн Э.Анужин элсний бөхөөр барилдахаар болжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр, “Сингапур 2010” залуучуудын олимпын анхны аварга Б.Батцэцэг, “Наньжин-2014” олимпын мөнгөн медальт Б.Дөлгөөн нарын дэвжээний гурав дахь тамирчин болж байгаа аж.

Э.Анужингийн багш, чөлөөт бөхийн дасгалжуулагч, Налайх дүүргийн Спортын хорооны дарга Д.Мөнхбаяртай ярилцлаа.
“Дакар 2026” залуучуудын олимпын наадамд элсний бөхийн төрөл багтлаа. Таны хувьд энэ наадамд гурав дахь удаагаа шавиа оролцуулж байна. Налайхын бөхийн дэвжээ залуучуудын олимпын үргэлжлэл байжээ дээ?
Үнэхээр амжилт ихтэй жил байна. 2010 онд анх залуучуудын олимпын наадам Сингапурт болоход чөлөөт бөхийн 60 кг-ын жинд манай дэвжээнээс Б.Батцэцэг алтан медаль хүртсэн. Тухайн үед залуучуудын олимпын аварга болоод шавь маань түмэн олондоо онцгой бэлэг барьж байсан нь саяхан мэт санагдаж байна. Дараа нь 2014 онд Наньжинд болсон наадамд манай дэвжээний М.Дөлгөөн олимпын мөнгөн медаль авч байлаа. Энэ наадмаас хойш залуучуудын олимпын наадамд шавь нараа оролцуулах гэж их хичээсэн. Энэ жилийн хувьд манай дэвжээ өмнөх амжилтаа давтлаа. “Дакар-2026” наадамд чөлөөт бөхийн төрөл хасагдсан ч элсний бөх багтсан. Ази тивээс сонгон шалгаруулалтаас Э.Анужинд эрх ирлээ. Миний хувьд залуучуудын олимпын наадамд гурав дахь шавиа оролцуулах болсондоо баяртай байна. Багшийн хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Хоёр эгчийнхээ гаргасан амжилтыг үргэлжлүүлж чадна гэсэн дүүрэн итгэлтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
Залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг гэхээр бөхөд хайртай монголчууд бүгд мэднэ шүү дээ. Энэ наадмын өрсөлдөөн улам л хүчтэй болж, олон тамирчин олимпын наадмын эхлэлээ тавьдаг болсон?
Бөхөд хайртай хүүхэд манай дэвжээнд ирж байлаа. Б.Батцэцэг залуучуудын олимпын аварга болсноос хойш олон охидыг бөхөд дурлуулсан даа. Энэ олимпын наадмаас хойш манай чөлөөт бөхийн дугуйланг зорих хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Араас нь М.Дөлгөөн гарч ирлээ. Энэ хоёр тамирчин хоёулаа тухайн үед Ази тивээсээ эрхээ авч байсан. Залуучуудын олимпын наадмын эрх ялгаагүй маш өрсөлдөөнтэй байдаг. Тивээсээ эрх авна гэдэг өөрөө том даалгавар. Монголын олимпын түүхэнд залуучуудын олимпын медальтан болсон хоёр тамирчны минь амжилт түүхийн нэгэн бахархал юм. Тэдний залгамж болсон дараагийн үе гараад ирлээ. Мөн л Э.Анужин эгч нар шигээ жаахан охин чөлөөт бөхийн дугуйланд ээжийгээ дагаад ирж байсан. Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, энэ жил залуучуудын аварга болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байранд орсон гээд түүний амжилт ахиж яваа. Э.Анужин элсний Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авснаар залуучуудын олимпын наадамд оролцох том шалгуурыг давсан гэж харж байгаа. Монгол Улсаас элсний бөхийн төрөлд нэг тамирчин оролцох болсон нь Налайхын хүүхэд байгаад баяртай байна.
“Дакар 2026” залуучуудын олимпын наадамд элсний бөхийн төрөл багтсан нь манай тамирчдад том боломж. Олимпын эрх авахад хэрхэн бэлтгэсэн бэ?
Өмнөх хоёр олимпын наадамд манай дэвжээнээс чөлөөт бөхийн төрлөөр оролцож алт, мөнгөн медаль хүртсэн болохоор ихээхэн найдлага тавьж байсан. Гэхдээ зохион байгуулах хорооноос чөлөөт бөхийг хасаж элсний бөхийн төрлийг оруулсан. Э.Анужин чөлөөт бөхөөр өсвөрийн ДАШТ-д өндөр амжилт гаргасан учраас манай тамирчин боломжоо нэмэгдүүлсэн. Тиймдээ ч залуучуудын олимпын эрхийг тивээсээ авч чадлаа. Олимпын эрхийг тивээсээ авна гэдэг маш том шалгуур шүү дээ. Үүнийг Э.Анужин хангаж чадсанд баяртай байна. Элсний бөхийн бэлтгэлийг бид боломжоороо хийж байгаа. Азийн аварга шалгаруулах тэмцээн гээд том тэмцээнд туршлага хуримтлуулсан учир Налайхын бэлтгэлийн заал болон элсний талбайд бэлтгэлээ хангаж байна.