АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран, Израил улсууд галаа зогсоох болсон тухай өчигдөр мэдээлсэн. Трамп олон нийтэд энэ тухай зарлан мэдэгдсэн боловч дайтагч талууд харилцан пуужин харвасаар байсан. Трамп Нидерландын Гааг хотноо эхэлсэн НАТО-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вашингтоноос нисэхээсээ өмнө сэтгүүлчдэд хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн тухай мэдэгдээд байна.
Гэхдээ Израилийн талаас Иран улс нэг пуужин харвасныг замд нь устгасан тухай мэдээллээ. Мөн Ираны нийслэл Тегеран руу Израил пуужин харвасан байна. Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяхуд хандаж тэдгээр пуужингуудаа буцаахыг шаардаж, гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гаргаж байгаад сэтгэл дундуур байна гэдгээ илэрхийлжээ.
Хэдийгээр Израил, Иран улсууд хэлэлцээрийг зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгасан ч гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж, нөхцөл байдал харьцангуй намжаад байна.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хийсэн 12 хоногийн хугацаанд үргэлжилсэн дайнд Израил улс түүхэн ялалт байгууллаа хэмээн мэдэгдэл хийжээ. Тегераныг цөмийн байгууламжуудаа дахин сэргээхээс нь сэргийлэх хэрэгтэй гэж мэдэгдлийнхээ үеэр Нэтаньяху уриаллаа. 10 минут үргэлжилсэн мэдэгдэлдээ тэрээр хэрвээ Иран улс цөмийн хөтөлбөрөө дахин сэргээвэл одоогийнхтой адил хариу арга хэмжээ авч цохилт өгөх болно гэдгийг анхааруулжээ. Нэтаньяху өнгөрсөн 12 хоногт Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаагаа “Өндийж буй арслан” гэж нэрлэжээ.
Израилийн Тель-Авив хотын оршин суугчид далайн эрэгт тайван амарч байгаа дүр зураг харагдаж байна. Иракийн нийслэл Багдад хотод Ираны элчин сайдын яамны гадаа хүмүүс цуглаж дайны гал зогссоныг тэмдэглэж баярлацгааж байна.
Ираны Засгийн газар гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрсөн байр сууриа илэрхийлсэн. Хэрэв Израил улс хэлэлцээрийг зөрчихгүй бол Иран улс үргэлжлүүлэн дайтах сонирхолгүй байгаа юм. Түүнчлэн Ираны тал АНУ-тай цөмийн гэрээ хэлэлцээрээ дахин байгуулахад бэлэн гэжээ. Хэдийгээр Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн хардаж сэрдсээр ирсэн ч тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан цөмийн цахилгаан станцыг энхийн замаар ашиглах хууль ёсны эрх олж авахыг хүссээр байна гэдгээ мэдэгджээ.
Талууд дайны галыг зогсооход Ерөнхийлөгч Трампын санаачилгаар Катар улс зуучлах үүрэг гүйцэтгэжээ.