
Дэлхийн хэмжээнд газрын тосноос татгалзах үйл явц нь мөргөлдөөн, шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн хямрал дагуулж болзошгүйг судлаачид анхаарууллаа. Төсвийн орлого нь бүхэлдээ газрын тосноос хамааралтай, эдийн засгийн төрөлжилт бага Нигери, Иран, Ангол, Алжир зэрэг орнууд эдийн засгийн хямралд нэн тэргүүнд өртөх бүлэгт багтаж байна. Сэргээгдэх эрчим хүчний өсөлттэй холбоотойгоор олон оронд газрын тосны хэрэглээ буурч байгаа бол нийлүүлэлтийг хязгаарлан, үнийг өсгөж, инфляц болон улс төрийн тогтворгүй байдлыг дагуулсан Ираны дайны нөлөөгөөр энэ үйл явц улам хурдасжээ.
Дэлхийн газрын тосны эрэлт ирэх арван жилд тогтворжин, 2030-аад оны эхээр оргил үедээ хүрэх төлөвтэй байгаа нь үйлдвэрлэгчдийг цөөн худалдан авагчдын араас хөөцөлдөхөд хүргэнэ. Олон орон байгалийн нөөцийн орлогоо аль болох удаан хадгалахыг хичээх боловч Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг хямд, элбэг нөөцтэй үйлдвэрлэгчид дэд бүтэц багатай орнуудаа шахах магадлалтай байна. Иргэний хямралтай тулгарч, АНУ-ын ашиг сонирхолд өртөн, газар хөдлөлтөд сүйрээд буй Венесуэлийн жишээ нь бусад орнуудад том анхааруулга болох ёстой гэж тайлангийн зохиогч Бет Уокер хэлэв. "Засгийн газрууд эдгээр эрсдэлд бэлтгэлгүй байна. Газрын тос үйлдвэрлэгчдийн эмзэг байдал нь дэлхийн аюулгүй байдлын эрсдэл болж байна" хэмээн онцолжээ.
Гэсэн хэдий ч уур амьсгалын хямрал хурдацтай нэмэгдэж байгаа тул шилжилтийг хойшлуулах нь бүр ч аюултай юм. Тайлангийн хамтран зохиогч Мария Пастухова "Эмх замбараагүй, удаан шилжилт нь хурдан шилжилттэй адил, магадгүй бүр илүү тогтворгүй байдлыг үүсгэнэ" гэв. E3G судалгааны төв уг тайланг хоёр жилийн турш 100 гаруй төрийн албан хаагч, шинжээчидтэй хамтран газрын тосны эрэлт буурах янз бүрийн хувилбаруудыг загварчлан боловсруулсан байна.
Лондонгийн Эдийн засгийн сургуулийн Грантам судалгааны хүрээлэнгийн Боб Уорд хөгжингүй орнууд ч мөн адил өртөнө гэдгийг анхааруулав. Хойд тэнгис зэрэг олборлолтын зардал өндөртэй бүс нутгууд зах зээлийн үнэ буурахад эдийн засгийн хувьд ашиггүй болж эхэлнэ. Дэлхийн 17 орны хувьд газрын тосны орлого төсвийнх нь 40 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа Ирак, Ливи зэрэг оронд 70-90 хувьд хүрдэг аж. 2030 оноос газрын тосны орлого огцом буурах төлөвтэй байгаа бөгөөд Алжирын орлого 87%, Нигерийнх 60 гаруй хувиар буурч, улмаар нийгмийн суурь үйлчилгээ тасалдан, Ангол, Мексик зэрэг улсуудад өрийн дарамт эрс нэмэгдэх эрсдэлтэй байна.
Уокерын хэлснээр энэ нь зөвхөн даяарчлалын асуудал биш, олон улсын санхүү, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх орон нутгийн төсвийн хямрал болон хувирах юм. Нөхцөл байдлыг засахын тулд Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк болон засгийн газрууд хамтран ажиллах шаардлагатай байна. Томоохон хэрэглэгч гүрнүүд цаашдын эрэлтийн төлөвөө тодорхой мэдээлж, үүнийг гадаад болон эдийн засгийн аюулгүй байдлын бодлогынхоо нэг хэсэг болгох хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тухайлбал, Хятад улсад цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдсэнээр газрын тосны хэрэглээ буурч байгаа бол Энэтхэг улсын чиг хандлага дэлхийн эрэлт хэрхэн өөрчлөгдөхөд гол үүрэг гүйцэтгэхээр байна.