
Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-н өнөөдөр тохиож байна. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.
Энэ талаар Хамба лам Д.Жавзандорж "Энэ өдөр бол бид бүгд өөрсдийн ёс суртахуунаа улам дээшлүүлэх, өнгөрсөнд хийсэн алдаа дутагдалыг засаж залруулах, ирээдүйн сайн сайхны төлөө ерөөл тавьж өөрийгөө улам хөгжүүлэх бэлгэдэлтэй, сайн өдөр. Санаа сайн бол заяа сайн гэдгийн адилаар бид өөрт олдож буй боломж бүрт сайхан сэтгэлийг үүсгэхийн төлөө хичээчгээе. Тэр дундаа эл өдөр хичээх аваас илүү дадал, хэвшил болдог. Тиймээс их дүйчин өдрийг бусдын хамт сайн сайхан зүйлийн төлөө улам хичээе. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай" хэмээв.