Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдаж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Уг хуулийн нэг гол үзэл санаа нь гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэл санааны хохирол буюу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн үндэс болсон юм. Уг хуулийг дагаж, - ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны долоодугаар сарын 31-ний А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам болон Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт, - Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долоодугаар сарын 3-ны хуралдаанаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус, тус баталсан.
Ингэснээр сэтгэцэд учирсан хохирлын хор хэмжээг тогтооход нэгэн чухал хууль зүйн үндэслэл бүрджээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын дагуу 2023 оны долоодугаар сараас 2024 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд нийт 1902 тогтоол, захирамж хүлээж авсан байна. 2024 онд 765 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулсан нь 2023 онтой харьцуулахад 523 хүнээр буюу 68 хувиар өссөн дүнтэй байна. Илүү дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс харах боломжтой.
Хүснэгтээс харвал хор уршгийн хоёр болон гуравдугаар зэрэглэл тогтоолгосон статистик хамгийн их байгааг харж болно. Үүнийг Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу тогтоодог аж. Хоёрдугаар зэрэглэлд гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хариу урвал хэвийн хэмжээнээс удаан үргэлжлэх багтдаг бол гуравдугаар зэрэглэлд гэмт хэргийн улмаас удаан хугацаанд үргэлжилсэн ужиг хариу урвал илрэх хэрэг багтдаг байна. Харин хамгийн хүнд буюу тавдугаар зэрэглэлд гэмт хэргийн улмаас насан туршид эргэшгүй бүтцийн өөрчлөлт бий болсон гэж үздэг бөгөөд өнгөрөгч 2024 онд гэхэд таван хохирогч энэ зэрэглэлд багтжээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг танилцуулъя.
I зэрэглэл 0-3% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
II зэрэглэл 4-8% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
III зэрэглэл 9-15% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
IV зэрэглэл 15-30% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
V зэрэглэл 31-99% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
Уг нь сэтгэл санааны хохирлыг тооцож эхэлсэн нь сайн зүйл болсон ч хууль хэрэглээний явцад хүндрэлтэй асуудал гарч буйг ХЭҮК-оос гаргадаг Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дурджээ. Тухайлбал, дараах асуудлууд үүсэж буйг цохон тэмдэглэсэн байна. Үүнд, гэмт хэргийн хохирогчоор хэнийг тогтоож шинжилгээ хийлгэх (төрсөн эх, эсхүл эхнэрийг тогтоох уу), хохирогчоор тогтоосон албан ёсны шийдвэр гаргаагүй байна гэх үндэслэлээр сэтгэцийн шинжилгээ хийхээс татгалзах, шинжилгээ хийх хугацааг тогтоосон хугацаанд гаргахгүй байх, шүүгч, мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын мэдлэг, ойлголт дутмагаас шалтгаалж хохирлоо шийдвэрлүүлж чадахгүй байх зэргийг дурджээ.
Тохиолдол 6.19 “...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2024 оны арванхоёрдугаар сарын 03-ны шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай ... дугаар захирамжид нэхэмжлэгч А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд шүүхэд ирүүлэхийг даалгасан ч 2025 оны гуравдугаар сарын байдлаар дүгнэлт гараагүй байна...”; ХЭҮК-т 2025 онд ирсэн гомдлоос
ХЭҮК энэ талаарх асуудлаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт хандахад дараах хүндрэлтэй олон асуудал байгааг бичгээр илэрхийлжээ. Жишээлбэл,
- Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалт хэрэгжихгүй, шүүхээс Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хохирогч гэж үзэн шүүх шинжилгээний байгууллагаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үзлэг шинжилгээг хийлгэж байгаа нь хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасантай нийцэхгүй байна. - Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйл ангид тусгагдаагүй гэмт хэргийн хохирогч нарт шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэн шинжээч томилж байгаа нь эрх зүйн зохицуулалтаар шинжилгээ хийх боломжгүй байдалд хүргэж байгааг онцолжээ. - Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг биед учирсан гэмтэлтэй харьцуулан жишиж баталсан боловч хохирогч нар уг зэрэглэл болон нөхөн төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүйгээс давтан шинжилгээ хийлгэх болсноос үзлэг шинжилгээний ачаалал, дараалал эрс нэмэгдэж байна.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журамд зайлшгүй анхаарах хэдэн зүйл байгааг Шүүх шинжилгээний ерөнхий газраас өгүүлжээ.
- Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журмын утга найруулга буруу ойлгогдох, зүйл заалтууд нь хоорондоо болон Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хуулийн зүйл, заалтуудтай зөрчилдөж байна.
- Уг журмын дагуу 0-3 насны хохирогч хүүхдүүдэд шинжилгээ хийхэд насны онцлогоос шалтгаалан болсон үйл явдлыг санахгүй байх, тухайн нөхцөл байдлаа үнэлж, үгээр илэрхийлэх чадвар хөгжөөгүй зэрэг хүндрэлтэй асуудал тулгарах, ухаангүй, хүнд, эсхүл сэтгэцийн хурц хэлбэрийн өвчний үед сэтгэцийн шинжилгээ хийх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй тул шийдвэрлэж чадалгүй буцааж байна.
- Хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчдын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан уг шинжилгээтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн зарим зүйл, заалтад Дээд шүүхээс тайлбар гаргуулах зэрэг асуудал байгааг өгүүлжээ.
ХЭҮК-оос Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрөөс нөхөн барагдуулах асуудлыг цогц байдлаар хуульчлан зохицуулж Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1-д заасан Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцолжээ. Мөн үүнээс гадна өөр нэгэн шийдэл санал болгосон нь Гэмт хэргийн хохирлын сангийн тухай хуулийг баталж, төсвийн эх үүсвэрийг гэмт хэрэг, зөрчлийн торгууль, хүүгийн орлого, авлигын улмаас хураагдсан хөрөнгө орлого, бусад боломжит эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхийг зөвлөсөн байна.