
Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн 59 дэх удаагийн хурал Бүгд Найрамдах Узбекистан улсын Самарканд хотноо энэ оны тавдугаар сарын 3–6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд дэлхийн 69 улсын 3,000 гаруй төлөөлөгчид, бодлого тодорхойлогчид, хөгжлийн байгууллагууд болон банк, санхүүгийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд Голомт банкны удирдлагууд өндөр түвшний хэлэлцүүлгүүдэд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм.
Тус хурлын үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар 5-р сарын 5-нд зохион байгуулагдсан гол арга хэмжээнүүдийн нэг болох Хувийн хэвшлийн Гүйцэтгэх захирлуудын форумд мөн оролцсон юм. Удирдлагууд оролцогч талуудын уялдаа холбоо, дижитал шилжилтээр дамжуулан нэгдмэл цогц байдлыг урагшлуулах, тэр дундаа хувийн хэвшлийн манлайлал, инновац, хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хэрхэн дэмжих тухай асуудлуудыг хэлэлцсэн ба Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжилд, нэн ялангуяа санхүүгийн хүртээмж, тогтвортой санхүүжилтийг дэмжихэд Азийн Хөгжлийн Банк чухал хувь нэмэр оруулж буйг Гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын хоёр дахь том арилжааны банк болох Голомт банк санхүүгийн салбарт хүртээмжтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС Банк” шагналыг хүртсэн юм. Голомт банк анх 2010 онд АХБ-ны Худалдаа ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт (TSCFP) нэгдэж, 2024 оноос тус хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчдийг тууштай дэмжин ажиллаж байна.
Голомт банк АХБ-тай хамтран тогтвортой байдлыг бэхжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн тэлсээр байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ