
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ.
О.Цогтгэрэл: -Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг эрх баригчдад хүргүүлсэн. Гэвч хариу ирүүлээгүй. Эс үйлдлийг нь "Хариуцлага тооцохгүй" гэсэн хариулт гэж үзэж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө шаардлага хүргүүлсэн. Гэвч хариу өгөхгүй байна. Сайддаа хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох шийдэл гаргахыг манай бүлгийн гишүүд онцолсон.
Өнгөрсөн баасан гаригт Г.Очирбат, Б.Жаргалан нарын хамт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Засгийн газар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Бидний төсөл бол зөвхөн бизнес эрхлэгчид бус нийт эдийн засгийн эрх чөлөөг хангах ёстой гэж үзэж байгаа. Үүнд өмчөө хамгаалуулахыг хүссэн иргэний асуудал ч орно. Мөн Засгийн газар эдийн засгийн эрх чөлөө ямар байгаа талаар жил бүр УИХ-д тайлагнадаг болно.
Б.Жаргалан: -Сүүлийн жилүүдэд төр эдийн засгийн үйл ажиллагаанд хэтэрхий их оролцох болсноос болоод иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх чөлөө хумигдаж байгаа. Мөн төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого ДНБ-ий гуравны нэгт хүрсэн. Төр эдийн засгийг зохицуулахаас гадна томоохон тоглогч болж оролцсоор байна.