Баасан гаргийн шөнө Израилийн Агаарын цэргийн хүчин Ираны нийслэл Техран хот болон бусад хэд хэдэн байршилт цохилт өглөө. Ерөнхий сайд Б.Нетаньяху "Израилийн тусгаар тогтнолын төлөө "Мандах арслан" ажиллагааг эхлүүллээ. Энэхүү ажиллагаа нь Ираны аюул заналыг арилгах хүртэл хэдэн ч өдөр үргэлжилж болно" хэмээн мэдэгджээ.
Тэгвэл Израилийн Батлан хамгаалахын хүчний зүгээс агаарын довтолгоо нь Ираны цөмийн байгууламж, баллистик пуужингийн үйлдвэрүүдийг онилсон бөгөөд энэ нь Техран цөмийн зэвсэг бүтээхээс урьдчилан сэргийлэх урт хугацааны ажиллагаа болно гэдгийг анхааруулсан юм.
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гэрчүүд тус улсын Натанз дахь уран баяжуулах гол байгууламжид дэлбэрэлт болсон гэж мэдээллээ. Мөн Хувьсгалт гвардийн элит корпусын дарга Хоссейн Салами амь үрэгдэж, тус ангийн Техран дахь төв байр руу цохилтод өртсөн тухай Ираны төрийн телевиз мэдээлэв. Нийслэл хотын нэгэн орон сууцны хороолол пуужинд өртөж цөөнгүй хүүхэд амь үрэгджээ.

Ираны Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч АНУ, Израил улсууд цохилт өгснийхөө төлөө их хэмжээний төлбөр төлөх болно гэж мэдэгдлээ. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи эдгээр халдлагууд нь Израилийн бузар булай зан чанарыг илчилж байна хэмээгээд хариуг нь заавал хүртээх болно гэв.
Израил улс Ираны зүгээс ирэх хариу цохилтоос урьдчилан сэргийлж онц байдал зарлаад байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио агаарын довтолгоонд Америкийн оролцоо дэмжлэг байгаагүй, Израилийн бие даасан шийдвэр гэж мэдэгдлээ.