МАН-ын улс төрийн дараагийн нүүдэл юу байх бол. АН-ыг Засгийн газраас гаргасны дараа УИХ-д суудалтай гурван нам, эвслээс сонгож хамтрах, эсвэл дангаар Засгийн газраа бүрдүүлэх үү. Хэн удирдах вэ гэсэн олон асуулт байна. Гэхдээ МАН аль ч хувилбарыг сонгосон иргэдийн хүлээлтэд хүрсэн том шийдвэр гаргахгүй бол дараагийн Засгийн газрынх нь нас богино байх болно. Олон удаа засгаа сольвол нам доторх хагарал ч гүнзгийрнэ. Тиймээс юуны өмнө дараагийн Засгийн газар данхар бүтцээ цомхотгож, төсөвт зай гарган татвар, нийгмийн даатгалын өөрчлөлтөө хийх шаардлага тулгарахаар байна.
Хүлээсэн шийдвэр, эмээсэн засаг
Иргэд энэ төрөөс цөөхөн зүйл хүсэж байгаагийн нэн тэргүүнд татвар, нийгмийн даатгалын шимтгэл бууруулах асуудал. Сонгууль бүрийн өмнө амлалт өгөөш маягтай нийгмийн даатгалын хуулиа өөрчилж, халамжийг нэмэгдүүлж ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даах өөрчлөлтийг баталсан. Одоо нэг л зардал дагуулсан зүйл нэмэхэд Нийгмийн даатгалын сан ачааллаа даахгүй. Харин өвөлжин нийтийн хэлэлцүүлэг болгож, олны хүлээлтэд аваачсан татварын хуулийг АН-тай хамтарсан Засгийн газрын үед лав өргөн мэдүүлж чадсангүй. Засгийн газар хойрго хандаж байгаагийн гол шалтгаан татвар бууруулбал төсөв урсгал зардлаа даахгүй болно гэсэн эмээлт. Татварын өөрчлөлт хийхэд шууд дөрвөн их наяд төгрөгийн зардал төсөв дээр нэмэгдэнэ. Тиймээс үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж Сангийн сайд мэдээлсэн. Харин нөгөө талд нь татварын орчноо шинэчлэхгүй бол нийгэм хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн байна.
Дарга дагасан дарга ангийн хөөсрөл
Засаг төр яадаг ч байсан амьдрал үргэлжилнэ. Шинэ Ерөнхий сайдын хувьд Засгийн газар татвар бууруулж болохуйц хэмжээнд данхар бүтцээ танах нь нэн тэргүүний зорилт болох учиртай.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 12-нд сонгуулиар 68 суудал авсан МАН, 42 суудал авсан АН, найман суудал авсан ХҮН намын дарга нар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээнд гарын үсэг зурж хамтарсан Засгийн газраа байгуулсан. Гэхдээ энэ хамтрал нэг жилийн ч насгүй байж. Найман сайдтай АН-ыг МАН засгаас гаргаснаар хамтрал задарлаа. Ерөнхий сайдын хүүгийн скандалаас үүдэж эхэлсэн залуусын тэмцэл дээр дөрөөлж МАН ийм улс төрийн шийдвэр гаргалаа. Хамтарсан Засгийн газар өнгөрсөн арван сарын хугацаанд зарим төслүүдээ хэрэгжүүлэх эрх зүйн орчноо батлуулж аваад зарим төслөө нээсэн нь авууштай. Гэхдээ хамтарсан намуудынхаа эрх ашгийг хангах гэж Засгийн газраа 15 яамтай 23 сайдтай болгож, урд хожид байгаагүй том Засгийн газар байгуулчихсан. Гурван Шадар сайд, бас Үндэсний хороо удирдана гэх яамгүй гурван сайдын суудал гаргаж ирсэн. Үүнийг дагуулаад тус намуудаас гишүүн болж чадаагүй олон улстөрчийг бүтээмжийн менежер болгож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, тусгай үүрэгтэй Элчин сайд гээд урд хожид байгаагүй албан тушаалуудыг зохиож өгсөн. Намууд нь авсан албан тушаал бүхэндээ дагалдуулж, нам дагасан өөрийн хүмүүсээ хажуудаа татах, ажилтай болгох томилгоо өрнөв. Энэ нь Засгийн газрын урсгал зардлыг үлэмж нэмэгдүүллээ. Өнгөрсөн намар Засгийн газар чиг үүргийн давхардлаасаа эхлээд хянаж цөөл, элдэв хороо зөвлөлүүдээсээ татан буулга гэсэн парламентын даалгавартайгаар төсвөө хоёр удаа хэлэлцүүлж байж нэг юм батлуулж авсан. Одоо хэн ч Ерөнхий сайд болсон төрийн данхар бүтцээ танах, жижиг төр, тодорхой зохион байгуулалт удирдлага руу чиглүүлэх шаардлагатай болж байна. Үүний тулд юуны өмнө чиг үүргийн давхардлыг арилгах шаардлагатайг парламентын гишүүд ч шаардах болж. Гэхдээ сайд нар “Судалж байна, удахгүй оруулж ирнэ” гэсээр төсвийн хүрээний мэдэгдлээс өмнө амжуулсангүй.
Төр данхайдаг биш хөдөлмөр эрхлэгчид нь томордог нийгмийг хүсэж байна
“Тэр ч Ерөнхий сайд болно”, “Энэ нь ч тийм яамны сайдад яг сайхан тохирно” гээд бичээд, бичүүлээд мөн ч их шаагилдаж байна. Дээгүүрээ ингэж байгаа юм чинь доошоо яам тамга, газар агентлаг, төрийн байгууллагуудаар дүүрэн халгаа сэлгээ яригдахад дарга болно гэсэн хэчнээн хүний алга нь загатнаж байж ядаж байгаа бол. Энэ бол хэтэрхий олон даргын орон тоотой данхар төрийн зовлон. УИХ одоо ирэх онд төрийн албан хаагчдаасаа эмч, багш нараас бусдаас нь есөн хувь цөөлнө гэсэн төлөвлөгөө баталж байна. Дарга ангийн тоо нэмэгдсэн байдаг. Ийм данхар төрийг дагасан дарга ангийн урсгал зардлаасаа танахгүйгээр ямар ч мундаг Засгийн газар байгуулсан татвараа бууруулж чадахгүй. Татвар бууруулахгүй бол уул уурхайн бус эдийн засаг чинь хүндэрлээ гэдгийг маш олон бизнес эрхлэгч болон судлаач хэлсээр байгаа юм. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлүүдээ бууруулж, ажил олгогчийн ачааг хөнгөлж, халамж, урамшуулал, татаасаа багасгаж төсөв тэлсэн хуулиудаа цэгцлэх улс төрийн зориг шаардсан алхмуудыг иргэд хүлээж байгаа. Харин дээрээ улс төрд найз байдаггүй, эрх ашиг л бий гэсэн зодоон өрнөв. Хөшигний цаана том тохироонууд яригдаж байна. Хөшигний наана иргэдийн бодит амьдрал байна. Тэр амьдрал хэцүүдсээр байвал ямар сайхан ч төрийг өөрөөр солихыг шаардана гэдгийг залуусын олон хоногийн жагсаал харууллаа.
Татварын хувь хэмжээг бууруулах, хийдэл уялдаагүй байдлыг арилгах, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, ХХОАТ-ын хэмжээг бууруулж, ногдуулалт, тайлагналтын процессыг хөнгөвчлөх, НӨАТ-ын хувь, буцаан олголтын хэмжээг гэрээгээр гүйцэтгэсэн шинэчлэх, ажил, ажилчдын хоол унааны мөнгөнөөс шимтгэл суутгадгийг зогсоох гээд маш тодорхой зүйлсийг иргэд хүсдэг. Ийм боломж гаргахгүй бол улам хүндэрч байгаа бизнес эрхлэгчид өөрөөр ярьж эхэлнэ. Ийм боломж гаргахын тулд шинэ Засгийн газар эхлээд данхар төрийн бүтцээ авч үзэх шаардлага гарахаар байна. Хэрвээ данхар төрөө танахгүйгээр, засаглалын зардлаа бууруулахгүйгээр дарга ангийн улс төрдөө чирэгдвэл дараагийн Засгийн газрын нас ч богинохон байх болно гэдгийг өнгөрсөн өдрүүдийн иргэдийн бухимдал хангалттай харууллаа.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл