
Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондоны амьтан судлалын нийгэмлэг болон олон улсын 100 гаруй эрдэмтэд хамтран “Амьд ертөнцийн тайлан-2026”-г танилцуулав.
Уг тайланд дурдсанаар мөхөхөд ойрхон байсан зарим амьтдын тоо толгой эргэн сэргэж, байгаль хамгааллын ажил үр дүнд хүрсэн эерэг жишээг онцолсон байна.
Тэдгээрийн дотроос зөвхөн Монголд байдаг бөхөнгийн популяц сэргэсэн туршлага олон улсын анхаарлыг татаж буй юм.
Байгаль болон нийгмийн сөрөг нөлөөллийн улмаас монгол бөхөнгийн тоо толгой эрс цөөрч, тархац нутаг нь хумигдсаар 1981 онд ердөө 1000 гаруйхан бөхөн Шаргын говьд үлдээд байв. Иймээс монгол бөхөнг мөхлөөс аврахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос эхлэн талуудтай хамтран хамгааллын ажлыг тасралтгүй хийсэн аж. Ингэснээр 1998 оны судалгаагаар ердөө 3000 монгол бөхөн үлдээд байв.
Харин сүүлийн үеийн судалгааны дүн тун эерэг гарсан бөгөөд 2025 оны судалгаагаар монгол бөхөнгийн тоо толгой өсөж 28 800 гаруйд хүрснийг тогтоожээ.
Хамгаалалт сайжирсны үр дүнд монгол бөхөн өмнөх түүхэн тархац нутаг болох Хяргас нуурын хөндийд олон жилийн дараа эргэн ирж байршсан бөгөөд тус бүс нутагт одоогоор 1659 бөхөн нэмж нутагшаад байна.